Дух
Нүүрний зураглалын аргыг шүтэн бишрэгчид дух бол мэдрэл болон хоол боловсруулалтын системийн эрүүл мэндийг илэрхийлдэг гэж үздэг. Духан дээр гардаг батга болон үрэвсэл нь стрессийг илэрхийлж болзошгүй тул йог, бясалгал зэрэг тайвшрал мэдрүүлэх зүйлсээр хичээллэхийг хичээгээрэй. Харин хоол боловсруулалтаа дэмжихийн тулд нэг өдөрт уух усны хэмжээгээ нэмэгдүүлэхээс гадна бүхэл үр, жимс ногооны хэрэглээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй.
Хөмсөг хооронд
Духны голд буюу хөмсөг хооронд батга гарах нь бөөр, ходоод эсвэл элэгний үйл ажиллагааны тэнцвэр алдагдсаныг илэрхийлж болзошгүй. Тиймээс согтууруулах ундаа, тослог ихтэй хоол, тамхины хэрэглээгээ багасгахыг хичээгээрэй, учир нь эдгээр зуршил нь дээрх эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Түүнчлэн танд сүүн бүтээгдэхүүн эсвэл буудайн харшил байгаа эсэхийг шалгаарай.
Хамар
Хамар бол амьсгалын систем, нэн ялангуяа уушиг ба зүрхний үйл ажиллагааны тусгал гэж үздэг. Цусны даралтаа үзэхээс гадна хэрвээ хамар дээр батга гардаг бол бага гликемийн индекстэй хүнс хэрэглэхийг хичээгээрэй. Түүнчлэн мах, кофе, согтууруулах ундаа, халуун ногоо зэргийг илүү хөнгөн хувилбараар орлуулаарай.
Баруун хацар
Хятадын уламжлалт анагаах ухаанд биеийг баруун ба зүүн талд хувааж үздэг. Хэрвээ батга баруун хацар дээр гарч байгаа бол уушгинд анхаарах хэрэгтэй байж болзошгүй. Ердийн кардио дасгал болон амьсгалын дасгал уушгийг илүү хүчтэй болгоно, харин тамхинаас татгалзах хэрэгтэй! Түүнчлэн баруун хацар чихрийн хэрэглээтэй холбоотой байх тул жигнэмэг болон бусад чихэрлэг хүнсээ хязгаарлаарай.
Зүүн хацар
Зүүн хацар элэгтэй холбоотой байдаг тул хэрвээ таны энэ хэсэгт батга гардаг бол согтууруулах ундаа болон тослог хоол хүнснээс зайлсхийгээрэй. Эрүүл хооллолт болон амьдралын хэв маяг энэ хэсгийн асуудлыг шийднэ.
Хамрын угалз хэсэг
Энэ хэсэгт үүссэн асуудал нь нарийн гэдэсний тэнцвэрт байдал алдагдсаныг илэрхийлж болзошгүй тул хүйтэн уух зүйлээс татгалзаж хооллолтын тэмдэглэл хөтлөөрэй. Ингэснээр та яг ямар хүнс идэхэд үрэвсэл гарч байгааг хянах боломжтой.
Эрүү
Таны дэлүү, хоол боловсруулах систем эсвэл бөөр энэхүү асуудлын шалтгаан байж болзошгүй тул эрүүл хооллож идэвхт хөдөлгөөнтэй амьдрахыг хичээгээрэй. Эрүүн дээрх батга нь мөн сарын тэмдэг дөхөхөд гардаг бол даавартай холбоотой байж болох тул арьсны эмчтэй уулзаж зөвлөгөө аваарай.
Эрүүний дагуу
Энэ хэсэгт батга гарах нь бүдүүн, нарийн гэдэстэй холбоотой байж болох тул их хэмжээгээр ус ууж эслэг ихтэй хоол идээрэй. Түүнчлэн шүдний асуудлаас үүдэлтэй байж болзошгүй тул шүднийхээ эрүүл мэндэд анхаараарай. Эцэст нь дурдахад эрүүтэй адил эрүүний дагуу гардаг батга ч бас даавраас үүдэлтэй байх магадлалтай тул арьсны эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Oriflame-ийн арьсны мэргэжилтний зөвлөгөө
“Эрүүл амьдралын хэв маягийг мөрдөхөөс гадна, арьсны тодорхой асуудлыг шийдэх зориулалттай иж бүрэн арчилгаа нь арьсаа эрүүл байлгах шилдэг арга юм. Утас болон нүүр будалтын багснуудаа цэвэрхэн байлгах, нүүрэндээ гараа хүргэхгүй байх, бүтээгдэхүүнээ цэвэр гараар түрхэх зэрэг нь хацар дээрх батганы асуудлыг шийдэх боломжтой. Харин гэнэт батга гарвал аль нэг бүтээгдэхүүнд харшилсан байх магадлал түгээмэл байдаг. Урт хугацаанд батганы асуудалтай тулгарч буй хүмүүс арьсны эмчээс зөвлөгөө авч асуудлаа үндэс сууриас нь шийдэх хэрэгтэй”.