Нүүрний газрын зураг: батга юу өгүүлнэ вэ?

Чиний арьсан дээр батга нэг гарсан газраа давтан гарч байвал асуудал чиний бодсоноос илүү гүн гэсэн үг. Хятадын эртний уламжлал болох нүүрний газрын зургийн тусламжтайгаар бид чамд юуг анхаарах хэрэгтэйг дараах хэсэгт тайлбарлах болно.

ДУХ
Нүүрний газрын зургийг боловсруулагчдын үзэж байгаагаар дух хэсэг бол мэдрэлийн систем ба хоол боловсруулалтын эрхтнүүдийн тусгал юм. Духанд дээр стрессийн улмаас батга гардаг тул энэ асуудлыг шийдэхэд чамд йог эсвэл бясалгал тусална. Мөн хоол боловсруулалтын эрхтнүүдийнхээ үйл ажиллагааг дэмжихийн тулд хангалттай их ус ууж, бүхэл үр, жимс ба ногоо идэх хэрэгтэйг бүү мартаарай.  

ХӨМСӨГ ХООРОНД
Хэрвээ чиний хөмсөг хоорондын хэсэгт байнга батга гардаг бол үүний шалтгаан нь бөөр, элэг эсвэл хоол боловсруулалтын эрхтний асуудал байж болзошгүй. Согтууруулах ундаа, тостой хоол ба тамхинаас татгалзаарай – эдгээр хорт зуршил нь дээрх эрхтнүүдэд сөргөөр нөлөөлдөг.  Энэ хэсэгт үрэвсэл гарах бас нэгэн шалтгаан бол чиний бие махбод сүүн бүтээгдэхүүн ба буудайгаар хийсэн бүтээгдэхүүнийг шингээж чадахгүйтэй холбоотой байж болно.

ХАМАР
Уламжлалт анагаах ухааныг шүтэгчид хамар дээр батга гарахыг амьсгалын систем, голдуу уушги, мөн зүрхтэй холбоотой гэж үздэг. Хэрвээ чиний хамар дээр байнга батга гардаг бол даралтаа үзүүлээд бага гликемийн индекс бүхий хооллолт руу шилжээрэй. Мөн хоол хүнснээсээ мах, кофе, согтууруулах ундаа ба хурц хоолыг хасаарай. 


БАРУУН ХАЦАР
Хятадын анагаах ухаанд биеийн баруун ба зүүн талын ялгаа маш гүн утга учир агуулдаг. Хэрвээ чиний баруун хацар дээр батга гардаг бол уушгиндаа онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ асуудлаас ангижрахад чамд кардио болон амьсгалын дасгал, мөн тамхинаас татгалзах тусална. Мөн баруун хацар нь цусан дахь сахарын хэмжээг үзүүлдэг тул чихэрлэг зүйлээс аль болох татгалзахыг хичээгээрэй. 

ЗҮҮН ХАЦАР
Зүүн хацар элэгтэй холбоотой байдаг тул хэрвээ чиний элэг ямарваа нэгэн асуудалтай бол согтууруулах ундаа ба тостой хоолноос татгалзаарай – эрүүл амьдралын хэв маяг ба зөв хооллолт чамд асуудлыг шийдэхэд тусална. 

ХАМРЫН ОРЧИМ
Энэ хэсгийн арьсны асуудал ихэнх тохиолдолд нарийн гэдэстэй холбоотой байдаг. Хэт хүйтэн ундаанаас аль болох татгалзаж хооллолтынхоо өдрийн тэмдэглэлийг хөтөлж, юуны улмаас батга, үрэвсэл бий болсныг тогтоогоорой.

ЭРҮҮ
Эрүү орчмын арьсны байдал дэлүү, хоол боловсруулалтын систем эсвэл бөөртэй холбоотой байдаг. Харин энэхүү асуудлыг шийдэхэд эрүүл хооллолт ба амьдралын хөдөлгөөнт хэв маяг тусална. Түүнээс гадна эрүүн дээрх батга нь дааврын тэнцвэр алдагдсаны дохио байдаг тул сарын тэмдэг ирэхээс өмнө энэ хэсэгт батга гарах нь түгээмэл үзэгдэл юм. Энэ тохиолдолд гоо сайханчаасаа зөвлөгөө аваарай. 

ЭРҮҮНИЙ ДООД ШУГАМ
Эрүүний доод шугамын дагуу гардаг батга бүдүүн гэдэс ба ихэнхдээ шулуун гэдэсний асуудлын тусгал байдаг тул хоолондоо аль болох эслэг эдээр баялаг хүнс хэрэглэж, ус их уухыг хичээгээрэй. Түүнчлэн шүд үрэвссэний шинж тэмдэг байж болзошгүй тул шүдний эмчид үзүүлэх хэрэгтэй. Дааврын тэнцвэргүй байдал ч мөн энэ хэсгийн арьсанд нөлөөлдөг. 

ОРИФЛЭЙМИЙН МЭРГЭЖИЛТЭН МЭЛИНА ГАЛЕАДИ ЗӨВЛӨЖ БАЙНА
"Арьсны иж бүрэн арчилгаа – эрүүл зөв амьдралын хэв маягийн чухал бүрэлдэхүүн ба арьсны гоо үзэсгэлэнд маш их хувь нэмэр оруулдаг. Гар утас ба нүүрний будгийн багсаа байнга цэвэр байлгаж, шаардлагагүй бол нүүрэндээ аль болох хүрэхгүй байх мөн тосоо түрхэхээс өмнө байнга гараа угааж заншаарай. Эдгээр жижиг зүйлс арьсны гоо сайханд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ батга хэдийнээ гарчихсан бол шалтгаан нь тодорхой нэг бүтээгдэхүүн болох эсэхийг шалгаад үзээрэй. Хэрвээ чиний арьсны асуудал удаан хугацаанд үргэлжилж байгаа бол мэргэжилтэнд хандаарай: арьс судлаач эмч чамд асуудлын бодит шалтгааныг олоход тусална."





Зурвас: Зураг: Oriflame