Инстаграмын түүх хэсэг бизнест хэрхэн нөлөөлдөг вэ? Түүнийг хэрхэн ашиглах вэ?

Инстаграм story буюу түүх бол сэтгэгдлээ бусадтай хуваалцах хялбар арга юм. Үүнийг олон бизнес хуудсууд ашигладаг бөгөөд та ч бас тэдэнтэй нэгдэж болно.

1. ХЭЛБЭРЭЭ СОНГО
Инстаграм аппликэйшн руу ороход дэлгэцийн зүүн дээд буланд Your story буюу «Таны түүх» гэсэн тэмдэглэгээ байгаа. Үүгээр зураг, бичлэг, текст оруулж, шууд дамжуулах ч боломжтой. Зургаа бусадтай хурдан хуваалцахыг хүсч байна уу? Хаана, юу хийж байгаагаа харуулмаар байна уу? Эсвэл богино илтгэл тавьж, сэтгэгдлээ илэрхийлж, тэр даруй бусдын саналыг мэдмээр байна уу? Зорилгодоо хамгийн тохирсон хэлбэрийг сонгоорой. Инстаграм түүх 24 цагийн дараа алга болдог хэдий ч та хүсвэл өөрийн хуудас дээрээ хадгалж болно.

2. БҮТЭЭЛЧ БАЙГААРАЙ
Инстаграм түүхдээ оруулах зураг болон бичлэгүүд таны үндсэн хуудасны постуудтай ижилхэн өнгө загвартай байх албагүй. Янз бүрийн шүүлтүүр, тусгай эффектүүд ашиглах нь бүр ч илүү хөгжилтэй байх болно. Дэлгэцийн баруун дээд булангийн хэрэгслүүдийг ашиглан бэлэн зураг болон бичлэгүүд дээрээ текст бичиж, стикер нааж, эможи байршуулж, зураг зурж, хэштэг оруулах боломжтой. Харин бичлэгээ сонирхолтой болгохдоо ямар тусгай эффект ашиглах нь таны шийдэх асуудал. “BOOMERANG” горим нь богино хэмжээтэй бичлэгийг олон дахин давтдаг, “SUPERZOOM” түгшүүртэй аянд ямар нэг зүйлийг гэнэт ойртуулах эффект үүсгэдэг, “REWIND” бичлэгийг ухрааж тоглуулдаг, харин “HANDS-FREE” горимоор дэлгэц дээр товчлуур дарахгүйгээр бичлэг хийх боломжтой.

3. ҮР ДҮН
Инстаграм түүх бол үзэгчтэйгээ харилцах, хэдэн хүн үзсэн талаар үр дүнгээ харах боломжтой амьд контент юм. Тэр ч байтугай та түүний тусламжтай өөрийн брэндээ хөгжүүлж болно. Дагагч нартаа бизнесийн үйл ажиллагаагаа хэрхэн явуулдгаа ойроос үзүүлснээр тэдэнд илүү ойртож, итгэлийг нь нэмэгдүүлээрэй.

Зурвас: Зураг: Oriflame