АХЛАХ ТОГООЧ – ЭНЭ БОЛ ХЭЗЭЭД МАНЛАЙЛАГЧ БАЙХЫГ ШААРДДАГ АЖИЛ. ТА ЗООГИЙН ГАЗРУУД НЭЭЖ, ҮРГЭЛЖ ШИНЭ ТӨСЛҮҮД ДЭЭР АЖИЛЛАЖ, ОЛОН ХҮМҮҮСИЙГ АРААСАА ДАГУУЛЖ ТЭДНИЙГ УРМААР ТЭТГЭХ ҮҮРГИЙГ БИЕЛҮҮЛДЭГ. АМЖИЛТАД ЮУ ХАМГИЙН ЧУХАЛ ВЭ?
Амжилтад дан ганц чанар бус, харин олон зүйлсийн нэгдэл чухал. Чи хүмүүсийг эрч хүчээр цэнэглэх ёстой. Намайг «асаагуур» гэж нэрлэдэг ба надтай ярьсны дараа хүмүүсийн сэтгэл сэргэж эрч хүчээр дүүрдэг гэж хэлэхийг би зөндөө сонсдог. Бидэнд дотоод эрч хүч маш их байдаг . Хамгийн гол нь түүнийг нээж, хэрэгжүүлэх л чухал. Мөн мэдээж эрүүл зөв хооллолт бол таны эрч хүчний хамгийн чухал бүрэлдэхүүний нэг юм. Жишээ нь, би хэтрүүлэн идсэн нөхцөлд өглөө нь бие таагүй сэрнэ ,ажлын бүтээмж маань ердийн үеийнхээс буурна, улмаар манлайлах чадвар маань үгүй болно гэдгийг ухамсарлан ойлгодог. Тиймээс хооллолтоо хянаж дасгал хөдөлгөөн хийх маш чухал. Ер нь бол манлайлагч болох хүсэл эрмэлзэл хүмүүжлээс эхэлдэг, аль эсвэл төрөлхийн зан чанар байдаг .Яагаад гэвэл зарим хүмүүс манлайлагч байхдаа тухтай байдаг бол заримд нь тухгүй байдаг. Энэ нь тухайн хүний зан араншингаас шалтгаалдаг байх. Жишээ нь, миний хувьд би үүнээс өөр ажил хийж чадахгүй байх байсан.
Өнгөрсөн үед буцаж очвол, та тэр үед ирээдүйгээ хэрхэн төсөөлж байсан бэ? Төсөөлөл бүхэн тань биелсэн үү?
Тийм ээ, биелсэн. Тэр үед би 30 хүрэхдээ дарвуулт онгоц авна гэсэн зорилготой байсан. Одоо бодоход маш том зорилго тавьж байжээ (инээв). Одоо би 33 настай, дарвуулт онгоц аваагүй ч, завь авах боломж бол байгаа.
Би хэзээ ч мөнгөнд төвлөрч байгаагүй. Би ахлах тогооч болохыг хүсдэг байсан, болохын төлөө байдгаараа хичээсэн. Зарчимч, эрч хүчтэй, бүхнээ хуваалцах хүсэл зэрэг чанарууд маань намайг удирдагч болоход нөлөөлсөн. “Саша-д гал тогооны өрөөгөө итгээд үлдээхэд бүх юм хяналтад байдаг” гэж дарга маань хэлдэг байсан. Би зүгээр л цалин авахын тулд ажилдаа ирдэггүй. Миний хувьд ажил маань амьдралын маань утга болсон байсан. Хэцүү үе байсан ч, би мэргэжлээ чин сэтгэлээсээ сонгосон тул надад бүх зүйл сайхан санагддаг. Би хийж байгаа зүйлдээ дурласан. Энэ бол хамгийн гол шалгуур.
Эхлээд би ахлах тогооч болох, харин дараа нь өөрийн эзэмшлийн зоогийн газартай болохыг хүссэн. Ингэхдээ би дэлхий даяар дадлага хийсэн. Гаднын туршлагаас жишээ татаж түүнийгээ дотооддоо хуваалцаж болно гэдгийг ойлгосон. Би зоогийн газрын 4 хананы дунд зүгээр л хоол хийгээд зогсож байдаг хүн болохыг хэзээ ч хүсээгүй тул телевизийн нэвтрүүлэг хөтөлж эхэлсэн, хоолны жорын хоёр ном бичсэн, харин одоо ард түмэндээ эрүүл зөв хооллохыг зааж байна. Миний хувьд бизнес гэдэг яг л тоглоомтой адил.
Анхны зураг авалтын дараа танд ямар мэдрэмж төрсөн бэ?
Зураг авахуулахад маш их хугацаа ордог. Харин үр дүнг нь харж хүмүүсийн санал бодлыг уншихад энэ их ажлыг бид зүгээр нэг хийгээгүй юм байна гэж боддог. “Та эрч хүчээр цэнэглэхийн зэрэгцээ, хоол хийхийг хөгжилтэй, гоё зүйл болохыг бодитоор харуулдаг” гэж надад зарим хүмүүс хэлж байсан. Тэдний хэлсэн энэ зүйл надад үнэхээр таатай мэдрэмж төрүүлсэн. Бидний мэргэжил бол аз жаргалтай мэргэжил, яагаад гэвэл бид бусдад таашаал, сэтгэл хөдлөл мэдрүүлэх гэж хоол хийдэг.
Та хоол хийхэд маш энгийнээр хандах хандлагыг сурталчилдаг. Та эеэрэг, нээлттэй, энгийн хүн мэт санагддаг. Бодит байдал дээр ямар вэ? Хэт энгийн байдал танд бизнес хийхэд саад болдог уу? Бизнест худал хэлэх, үл тохиролцох зэрэг асуудлууд байдаг шүү дээ.
Би өөрөө энгийн хүн. Энгийн байдлыг би маш сайхан зүйл гэж боддог ба энэ байдалдаа тууштай байна гэж боддог. Бизнес бол маш нухацтай хандах хэрэгтэй зүйл. Би бүдүүлэг, хатуу сэтгэлтэй болж сөрөг тал руугаа өөрчлөгдөж болох байсан. Мэдээж намайг ч бас хуурах, худал амлалт өгөх тохиолдол байсан. Гэхдээ амьдралын эерэг хандлагатай хүний хувьд би ямар ч эргэлзээгүй илүү их амжилтад хүрэхийн төлөө тууштай зүтгэх болно.
Та мэргэжил сонгох босгон дээр зогсож буй 15 настай хүүд юу гэж зөвлөх вэ?
Юу хүсэж байгаагаа ойлгох хэрэгтэй. Би 6 настайгаасаа л хоол сонирхдог байсан. Би хоол идэх дуртай, өөрөө хийх дуртай, эмээ болон ээжтэйгээ хамт үргэлж гал тогоонд байдаг байсан. Энэ бол миний хийх зүйл гэдгийг тэр үед мэдрэмжээрээ ойлгосон тул хаана сурах уу, ямар мэргэжил сонгох уу гэсэн асуулт хэзээ ч төрж байгаагүй.
Өөрийнхөө хүсэж буй ажлаа сонгоорой, байнга суралцаж өөрийгөө хөгжүүлээрэй. Бидний үетэй харьцуулбал өнөөдөр бүх зүйл илүү хялбар болоод байна. Мэдээлэл авах, суралцах боломжууд маш их байх болсон. Аль ч бизнест өсөх, өөрийн байр сууриа олох боломж байдаг.