Улирлын чанартай материал
Үндсэн

Нүүр будалтаа хэрхэн өдрийн турш гэрэлтсэн байлгах вэ?

Нийтэлсэн: 2024.02.20 | Зохиогч: Amanda Aleljung

Өөгүй төгс гэрэлтсэн нүүр будалт хиймээр байна уу? Арьсныхаа төрлөөс хамаарч энэ будалтыг хийх өөр өөр арга замууд байдаг. Бид Лондон хотод байрладаг мэйкап артистууд Памела ба Андрэа нараас удаан тогтоцтой гялбааг хэрхэн бүтээх тухай зөвлөгөө авлаа.

“Нүүрний будаг түрхэхээс өмнө арьсаа бэлдэх нь маш чухал байдаг. Сайтар бэлдсэн арьсан дээр нүүрний будаг удаан тогтохоос гадна төлөвийг нь жигд болгодог. Гэхдээ бид бүгд өөр өөр төрлийн арьстай байдаг тул төрхөө бүтээхдээ арьсныхаа онцлогийг харгалзах хэрэгтэй. Энэхүү нийтлэлээс арьсандаа төгс тохирох будалтыг хэрхэн хийх тухай уншаарай” гэж Памела ба Андрэа нар хэлжээ.

Дэлгэрэнгүй

Алхам 1: Арьс арчилгаа

Тослогоос холимог арьсанд: “Шүршигч тоник бол арьсыг тайвшруулж тослогийг тэнцвэржүүлдэг тул арьсаа бэлдэх төгс эхлэл юм. Дараа нь хөнгөн бүтэцтэй чийгшүүлэгчийг нүүрнийхээ гадна хүрээнд (эрүү, чамархай, хацрын шанаа) түрхээрэй. Ингэхдээ байгалиасаа тослогддог хэсгүүдээс зайлсхийгээрэй. Бүтээгдэхүүн шингэтэл хэдэн минут хүлээсний дараа тослогийг дарж, нүх сүвийг агшаах нөлөөтэй нүүр будалтын суурийг нүүрнийхээ голын хэсэгт түрхээрэй.”
Хуурай арьсанд: “Эхлээд зөөлөн гуужуулагчаар үхэжсэн эсүүдээс ангижраарай. Ингэснээр бүтээгдэхүүнүүд ч мөн арьсны гүн рүү нэвчинэ. Бид гиалуроны хүчлээр баяжуулсан маск хэрэглэж чийгшлээ нэмэгдүүлээд араас нь өтгөн бүтэцтэй чийгшүүлэгч хэрэглэхийг зөвлөж байна.”

Алхам 2: Гэрэлтүүлэх

Тослогоос хуурай арьсанд: “ Т-хэсэгт эсвэл бусад тослог хэсгүүддээ тослогийг дарж мат болгогч суурь түрхсэний дараа тодруулахыг хүссэн хэсгүүддээ буюу шанаа, хөмсөгний хөндлөн яс, чамархай, хамрын үзүүрт шингэн гэрэлтүүлэгч түрхээрэй.”
Хуурай арьсанд: “Арьсыг гэрэлтүүлэх төгс арга бол чийгшүүлэгч тосоо шингэн гэрэлтүүлэгчтэй холих юм. Хэрвээ таны арьс хэт хуурай бол та чийгшүүлэгчээ түрхсэний дараа, суурь шингэн энгэсэг түрхэхээс өмнө нүүрэндээ гэрэлтүүлэгчийг хөнгөн давхаргаар түрхэж болно.”

Алхам 3: Суурь нүүр будалт

“Дараагийн алхам бол арьсныхаа өнгийг жигд болгох юм. Дуртай суурь шингэн энгэсгээсээ багахан хэмжээтэй авч нүүрэндээ бүхэлд нь бус, зөвхөн шаардлагатай хэсгүүддээ түрхээрэй. Хурууныхаа өндгөөр түрхвэл бүтээгдэхүүн бүлээсэх тул арьсан дээр жигд тардаг.
Дараа нь хүссэн өө дарагчаа авч үрэвсэх хандлагатай, улайлттай, суурь энгэсэгт дарагдахгүй байгаа хэсгүүд дээрээ түрхээрэй. Бүтээгдэхүүнийг хурууныхаа өндгөөр түрхвэл илүү жигд, өөгүй бүрхүүл үүснэ.”

Дэлгэрэнгүй

Алхам 4: Өнгө нэмж хэлбэржүүлээрэй

“Бид тосон бүтэцтэй бронзерийг зөөлөн, шигүү үстэй багсаар түрхэх дуртай. Зөөлөн хөдөлгөөнөөр бүтээгдэхүүнийг чамархай, хацрын товгор ба эрүүний шугамын дагуу түрхээрэй. Энэ нь царайд дулаан төрх оруулж хэлбэржүүлдэг.
Тос эсвэл шингэн хацар өнгөлөгч түрхдэгтэй адил аргачлалаар түрхээрэй. Ингэхдээ царайны хэлбэр чухал байдгийг анхаарна уу. Дугуй хэлбэртэй царайтай бол хацар өнгөлөгчийг шанаа дээр түрхвэл царай өргөгдөж харагддаг бол дөрвөлжин хэлбэртэй өндөр шанаатай царайтай бол хацрын товгорт түрхэхийг зөвлөж байна.”

Дэлгэрэнгүй

Алхам 5: Эцсийн алхам

“Энэхүү гэрэлтсэн нүүр будалтыг дуусгаж өдрийн турш тогтоцтой байлгахын тулд бүтээгдэхүүнүүдийг зөв дэс дарааллаар хэрэглэх нь чухал юм. Бид тосон ба шингэн бүтэцтэй бүтээгдэхүүнүүдэд дуртай, учир нь тэд хоорондоо төгс зохицож доор нь байгаа бүтээгдэхүүнийг бүдгэрүүлэх бус гялбааг нь нэмэгдүүлдэг. Эцэст нь нунтаг энгэсгээр будалтаа түгжиж өдрийн турш урсахаас хамгаалах нь нэн чухал юм.
Хэт их гялбаа хүсэхгүй байгаа хэсгүүдэд л нунтаг энгэсэг түрхэхийг зөвлөж байна. Т-хэсэг болон хамрын орчмын тослог арьсанд төвлөрөөрэй. Харин хуурай хэсгүүдэд нунтаг энгэсэг түрхэхгүйгээр нүүрний будгийг тогтоогч шүршигч хэрэглэж нүүр будалтынхаа тогтцыг уртасгахыг зөвлөж байна.”
Памела ба Андрэа нарын нүүр будалтын аргачлалын тухай дараах цахим хуудаснаас харна уу www.pandamakeup.co.uk.
Бүтээгдэхүүн худалдаж авах

Урам зоригийн хэсэг

Бусад ангилал