Баярын улиралд шаардлагатай арьс арчилгаа

Тун удахгүй Шинэ Жилийн баяр болох гэж байна! Мэдээж та баярын бүх үйл ажиллагаанд төгс харагдахыг хүсэж байгаа. Харин үүнд арьсны төлөв байдал маш чухал нөлөөтэй байдаг.

АРЬСАА ӨДӨР ТУТАМ АРЧЛААРАЙ
Баярын үеэр бид ажлаа түр мартаж, бага зэрэг амсхийх боломж гардаг нь хамгийн сайхан байдаг. Гэхдээ яг энэ үеэр та арьс арчилгаагаа орхигдуулж огт болохгүй. Үндсэн хоёр алхам буюу цэвэрлэгээ ба чийгшүүлэлтийг чухалчлах нь хамгийн зүйтэй. Шинэ жилийн үдэшлэгүүд дээр тод бөгөөд анхаарал татам нүүр будалт хийхийг бид бүгд хүсдэг. Нүүр будалтын хувьд дотоод зөн совингоо дагаарай, ингэхдээ гүн цэвэрлэгээнд ердийнхөөсөө илүү анхаарал хандуулахад л болно.

ИЛҮҮ ИХ УС УУГААРАЙ
Өөртөө хүссэн амттанаа идэхийг зөвшөөрч болох Шинэ Жилийн баярыг бид удаан хүсэн хүлээдэг. Гэвч амттанууд бидний арьсны төлөвт тийм ч сайн нөлөө үзүүлдэггүй. Илүү хундага дарс уух нь арьсны чийгийг багасгаж өглөө сэрэхэд арьсыг гундсан харагдуулдаг. Гэтэл орой нь ахиад нэг үдэшлэгт явах бол та яавал дээр вэ? Бидний зөвлөгөө: баярын арга хэмжээний өмнө ба дундуур их хэмжээний ус уугаарай! Хундага дарс эсвэл коктэйл уух бүртээ нэг стакан ус уухыг зөвлөе. Энэ нь арьсны эрүүл сэргэг байдлыг хадгалахад тусална.

САНААГАА БҮҮ ЧИЛЭЭ
Тэмдэглэлт баярын үеэр бүгд сандарч догдолдог шүү дээ. Харин сэтгэлийн ямар ч зовнил арьсан дээр хормын дотор илэрч гардаг! Мэдээж хэрэг баярын үеэр сэтгэл санаагаа чилээдэг бүх зүйлсийг мартах нь хамгийн зөв шийдэл боловч зайлсхийхийн аргагүй тохиолдолд та яах вэ? Баярын үдшийн бэлтгэлээ бүрэн хангахын тулд орой бүр бясалгал хийхийг зөвлөж байна. Өөртөө амтат цай бэлдээд өөрийгөө амрааж, дуртай номоо уншаарай. Тийм ээ, энэ нь таны цагаас бага зэрэг хумслах боловч үр дүн нь маш том байх болно!

ЭРҮҮЛ ХООЛЛОХОО МАРТУУЗАЙ
Тэмдэглэлт баяруудаар заавал хүнд хоол идэх шаардлагагүй! Баярын ширээндээ эрүүл хоол заавал тавихыг зөвлөж байна. Яагаад гэвэл таны арьсанд яг энэ үеэр аминдэмүүд ба эрдэс бодисууд нэн шаардлагатай байдаг. Шинэ ногоо ашиглан хөнгөн зууш хийгээрэй, ногоонууд антиоксидант ихээр агуулдаг учраас арьсыг тэжээж, стресс бухимдлаас ангижрахад тусалдаг. Мөн ширээг илүү өнгөлөг харагдуулж танд таатай мэдрэмж төрүүлнэ!

САЙН УНТАЖ АМРААРАЙ
Заримдаа бид эртхэн унтаж амрах эсвэл үдэшлэг дээр хөгжилдөх гэсэн сонголттой тулгардаг. Гэвч хангалттай нойр авахгүй байх нь таны нүдний орчимд бараан хүрээ үүсгэж, царайны өнгийг алдахад хүргэдэг. Эрүүл сайхан харагдахын тулд та өдөрт доод тал нь 6-8 цаг унтах зарчмыг баримтлаарай!

Зурвас: Зураг: Oriflame