Гэрийн нөхцөлд SPA салоны арчилгаа хийгээрэй

Гэртээ арчилгаа хийхийн хамгийн том давуу тал бол хүссэнээрээ байх боломж юм. Бид чамд гэрийн SPA арчилгаанаас хэрхэн дээд зэргийн ач тус ба таашаал мэдэрч болохыг дараах хэсэгт тайлбарлах болно.

САУН

Олон бүсгүйтэй адил чи ч бас саунд суух дуртай байх! Халуун агаар арьсны нүх сүвийг нээнэ, хөлстэй хамт хорт бодисууд биеэс гадагшилна, цусны эргэлт түргэснэ – энэ гайхалтай мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй гэдэгтэй чи санал нийлэх байх. Гэрийн нөхцөлд саунд орохын тулд томхон саванд маш халуун ус хийгээд нүүрээ дээр нь 10 минут байлгаарай. Үр нөлөөг нь нэмэгдүүлэхийн тулд толгойгоо алчуураар бүтээвэл бүр ч сайн. Дараа нь нүүрэндээ зөөлөн гуужуулагч хэрэглээрэй.

МАСК
Мэдээж гэрийн нөхцөлд гоо сайхны салонтой адил үр дүнд хүрэх тийм амар биш ч, тусгай маск нь чамд тааламжтай сэргэг мэдрэмж төрүүлж арьсыг залуужуулдаг. 

Хэрвээ чи тосон суурьтай бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлгүй байвал, арьсаа чийгшүүлэхэд чамд  гелэн маск тусална -  энэхүү маск нь мэдрэмтгий арьсыг маш сайн тайвшруулдаг. Гундаж буй арьсыг өндөр үр дүнтэй чийгшүүлэхэд салфеткан маск тохиромжтой. Хэрвээ чиний арьс асуудалтай бол шавар маск арьсны нүх сүвийг цэвэрлэж хар батганаас ангижруулна. Гуужуулагч маск нь арьсан дээрх үхэжсэн эд эс болон бусад бохирдлоос ангижруулдаг. Мэдээж ямар ч маск чамд тайвширч алжаалаа тайлах таатай мэдрэмж төрүүлнэ. 

ИЛЛЭГИЙН ШИРЭЭ
Халуун шүршүүр эсвэл ванн нь чамд толигор, торго мэт арьстай болоход тусална. Гуужуулагч иллэгийн бээлий ба биеийн гуужуулагч  бүтээгдэхүүн хамтдаа ид шид бүхий үр дүнд хүргэнэ: хамгийн гол нь иллэгийг дугуй хэлбэр зурж хийх хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Иллэгийн саван эсвэл сойз нь цусны эргэлтийг сайжруулж целлюлит үүсэж болзошгүй хэсгүүдийн цусны хангамжийг сайжруулдаг. Эцэст нь биедээ тос түрхээрэй – чамд шинээр төрсөн мэт сайхан мэдрэмж төрөх болно!



ҮСНИЙ МАСК
Үс чинь хичнээн олон зүйлд өртдөгийг бодоод л үзээрэй: сэнс, индүү, хэв маяг тогтоогч шүршигч болон гел, будаг! Харин гэмтлийг нь бууруулж эрч хүчийг нь сэргээх нэг арга бол үсний маск юм! Ямар маск хэрэглэж байгаагаас хамаарч маскийг хуурай эсвэл чийгтэй үсэнд өргөн шүдтэй самаар түрхээд толгойгоо алчуураар ороогоорой. Үсний маск нь үсийг чийгшүүлэгч, нөхөн сэргээгч, хамгаалагч, үсийг эрүүл болгож гялалзуулагч байгалийн гаралтай тос агуулдаг (жишээ нь, амтат бүйлсний тос, ши тос эсвэл арганы тос). 

ХӨЛИЙНХӨӨ АЛЖААЛЫГ ТАЙЛААРАЙ
Алжааж ядарсан хөлөө халамжлах шиг таатай зүйл үгүй! Хөлөө бүлээн устай ваннд дүрээд гуужуулагч бүтээгдэхүүнээр хатуурсан арьстай хэсгүүдэд иллэг хийгээрэй. Үрэгч чулуу эсвэл тусгай хуурайгаар арьсны үхэжсэн эд эсийг арилгаад хөлийн арьсанд зориулсан маск түрхэж арьсаа зөөлрүүлээрэй. Харин эрчимт арчилгаа хэрэгтэй байгаа бол арьсыг чийгшүүлэгч оймс өмсөөрэй.


Зурвас: Зураг: Kristin Wreyford