Бид яагаад дасгал хийдэг хирнээ жин хаядаггүй вэ?

Фитнесийн тухай хамгийн түгээмэл асуултуудын нэг бол – би дасгал хийдэг хирнээ яагаад жин хаяхгүй байна вэ? - гэсэн асуулт юм. Магадгүй чи ч бас энэ асуултыг өөрөөсөө асууж байсан байх. Хэрвээ тийм бол манай Вэлнэс ангиллын доктор Элизабэт Нордстром чамд хариулах болно!

ХООЛ БА ДАСГАЛ
«Хүмүүс ихэнхдээ өдрийн хоолонд идсэн калороо фитнест яваад шатаачихна гэж боддог, ялангуяа фитнесийн дараа өлсдөг бол энэ бодолдоо бүр ч итгэлтэй болдог» гэж Элизабэт тайлбарлаж байна. «Гэвч маш олон тооны судалгаанаас харвал бид биеийн дасгал хийж шатаасан калор болон хоолноос авсан калороо буруу тооцоолдог байна. Мөн бид ихэнхдээ хоол хооронд иддэг зуушнуудаа калорт тооцдоггүй. Жишээ нь атга самар, ундаа, хагас алим – эдгээр хүнсэнд ч мөн калор байдаг ба цаг хугацааны явцад эдгээр нь илүүдэл жин болж хувирдаг. Зарчим маш энгийн: идэж байгаа калороосоо их калор шатаасан/зарцуулсан нөхцөлд чи жин хасна».

ХАМГИЙН ГОЛ НЬ ЗӨВ ХООЛЛОЛТ
«Хэрвээ чи эрчимтэй дасгал хийснийхээ дараа хор хөнөөлтэй хоол иддэг эсвэл хэтрүүлэн иддэг бол илүүдэл жингээ хаях боломжгүй юм. Өлсөх мэдрэмжийг удаан хугацаанд мэдрэхгүйн тулд эслэг эд болон уургаар баялаг хүнс хэрэглээрэй. Хүмүүсийн дунд нүүрс ус хор хөнөөлтэй гэсэн ташаа ойлголт түгээмэл байдаг. Нүүрс ус нь тэнцвэржүүлсэн хооллолтын зайлшгүй хэрэгтэй нэг хэсэг тул чиний хоолны тавгийн тал нь ногооноос бүрдэх ёстой. Харин чихэртэй ундаанаас татгалзаарай».  

ӨӨХНИЙ ЭСРЭГ БУЛЧИН
«Нэг килограмм булчингийн жин нэг килограмм өөхтэй адил байдаг. Гэвч булчин илүү нягт байдаг тул биед өөхнөөс бага зай эзэлдэг. Тиймээс хэрвээ чи маш их дасгал хийж илүү гоолиг чанга биетэй болж байгаа бол жин чинь нэмэгдэнэ. Өөрчлөлтөө жингээр бус харин бэлхүүс болон өгзгийн тойргоо хэмжиж үзээрэй: энэ хэмжээ багасаж байвал чи эрүүл зөв аргаар өөрчлөгдөж байна гэсэн үг».

УСНЫ ЖИН
«Бидний биеийн 80% нь уснаас бүрддэг. Тиймээс бидний жин өдөр бүр үл ялиг хэлбэлзэж байдаг. Усны илүүдэлд орохгүйн тулд биеийн дасгал хийх, усыг зохих хэмжээнд уух (яагаад гэвэл усгүй болсон нөхцөлд бие махбод шингэнийг нөөцөлж эхэлдэг), давстай зүйл идэхээс татгалзах ба эслэг эдээр баялаг хүнс идэх хэрэгтэй».

ЯМАР ДАСГАЛ ЧАМД ТУСЛАХ ВЭ?
«Гүйх, дугуй унах гэх мэт кардио дасгал нь чамд хамгийн их калор шатаахад тусална. Харин хүчний дасгал өдрийн туршид калорыг нэгэн хэмд шатаахад тусална. Энэ төрлийн дасгалыг хослуулж хийвэл зохистой. Түүнээс гадна зарим нэгэн ач тустай зуршил чамд тогтмол жингээ барьж зүгээр л ажилдаа эсвэл гэртээ харих замдаа калор шатаах боломж олгоно – цахилгаан шатны оронд шат хэрэглэ, автобуснаас нэг хоёр буудлын өмнө бууж алх. Мөн алхаа хэмжигч худалдан аваарай – эрүүл хүн нэг өдөрт хамгийн багадаа 10 000 алхам хийх хэрэгтэйг санаарай».

ДҮГНЭЛТ
«Ихэнх хүмүүсийн хувьд эрчимтэй дасгалаас илүүтэйгээр эрүүл зөв хооллолтоор төгс жиндээ хүрэх харьцангуй хялбар байдаг. Гэвч хэрвээ чиний зорилго жин хасах биш харин эрүүл зөв амьдралын хэв маягийг мөрдөх бол чи зөв хооллолтыг биеийн тамирын дасгалтай хослуулах хэрэгтэй. Мөн өөрийн үйлдэл болон үр дүнгээ маш оновчтойгоор дүгнэх хэрэгтэй: бүтэн сар оройн цагаар гүйсэн ч жин нэмсэн байвал энэ бол булчингийн жин гэхээс илүүтэйгээр буруу хооллолтын үр дүн байх магадлал өндөр юм. Хийжүүлсэн ундааг ердийн усаар орлуулаад, түргэн хоолны газарт хооллохоос татгалзаж, аль болох алхахыг хичээгээрэй – эрүүл мэнд ба гоо үзэсгэлэнд хүргэх зам эдгээр хялбар хирнээ маш чухал алхмуудаас эхэлнэ».






Зурвас: Зураг: Shutterstock