Арьсаа цэвэрлэх алтан дүрэм

Цэвэрлэгээ – арьс арчилгааны заавал байх ёстой шат. Сонсоход хялбар санагдавч арьс цэвэрлэгээ бол маш нарийн суралцах хэрэгтэй зүйл юм. Арьсаа цэвэрлэхдээ хийх ёстой, хийх ёсгүй зүйлийн жагсаалтыг дараах хэсгээс уншаарай.

АРЬСАА ӨГЛӨӨ БА ОРОЙ ЗААВАЛ ЦЭВЭРЛЭХ ХЭРЭГТЭЙ
Шөнийн цагаар арьс нөхөн сэргэдэг ба энэ процесс нь илүүдэл тослог ялгаруулдаг. Өглөө нүүрээ цэвэрлэх гол зорилго бол арьсны гадаргуу дээрх илүүдэл тослог, үхэжсэн эсүүд ба бохирдлыг цэвэрлэх, мөн арьсыг бэлдмэл ба чийгшүүлэгч тос түрхэхэд бэлдэх юм. Харин орой арьсаа цэвэрлэх гол зорилго бол нүүрний будгийг арилгах, өдрийн туршид арьсан дээр хуримтлагдсан бохирдол болон илүүдэл тослогийг арилгах юм. Арьсыг орой цэвэрлэх нь үрэвсэхээс сэргийлнэ, үрчлээ, хөгшрөлтийн нөсөө толбо, мөн уян хатан чанараа алдах эрсдэлийг бууруулна. Энэ бол арьс арчилгааны маш чухал алхам гэдгийг бүү мартаарай. 

НҮҮРИЙГ ЕРДИЙН САВАНГААР УГААЖ БОЛОХГҮЙ
Ердийн саван маш өндөр pH агуулдаг тул нүүр угаахад тохиромжгүй. Гар угаах зориулалттай саван арьсны хамгаалагч давхаргыг устгана, хэт хуурайшуулна ба арьс таталдах таагүй мэдрэмж төрүүлнэ. Тиймээс нүүрээ савангаар бүү угаагаарай. 

АРЬСНЫХАА ТӨРӨЛД ТОХИРСОН ЦЭВЭРЛЭГЧ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭЭРЭЙ
Арьсныхаа төрөл ба хэрэгцээг харгалзаж цэвэрлэгч бүтээгдэхүүн сонгоорой. Бүх хүмүүст бүх төрлийн арьсанд тохирдог нийтлэг нэг бүтээгдэхүүн байдаггүй. Нүүр цэвэрлэгч сүүн шингэн маш өтгөн тослог бүтэцтэй байдаг тул хуурай эсвэл гундаж буй арьсанд тохиромжтой байдаг. Харин арьсыг цэвэрлэгч зөөлрүүлэгч нүүр угаагч гел  ердийн эсвэл тослог арьсанд тохиромжтой. 

АРЬС ТАТАЛДАХ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЭГЧ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ
Нүүрээ угаасны дараа арьс таталдах мэдрэмж төрж байвал чиний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн хэт хүчтэй байгаа ба арьсны хамгаалагч давхаргыг устгаж байна гэсэн үг юм. Ийм бүтээгдэхүүнийг ерөнхийдөө тослог арьстай хүмүүс түлхүү хэрэглэдэг ч энэ нь буруу юм. Яагаад гэвэл хэт хуурайшуулагч бүтээгдэхүүн арьсыг улам их тос ялгаруулахад хүргэдэг. 

НҮҮР ЦЭВЭРЛЭГЧ ТӨХӨӨРӨМЖ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ
Нүүр цэвэрлэгч төхөөрөмж – энэ бол өдөр тутмын арьс арчилгааны зайлшгүй хэрэгтэй нэг хэсэг. Төхөөрөмжийн толгойг нүүр цэвэрлэгч бүтээгдэхүүнээ түрхээд 1 минутын туршид нүүрэндээ иллэг хийгээрэй. Ингэснээр чи бохирдол, нүүрний будгийн үлдэгдэл, үхэжсэн эсүүд, мөн арьсны нүх сүвийг цэвэрлэнэ. Түүнээс гадна арьсыг тусгай төхөөрөмжөөр цэвэрлэснээр царай илүү гэрэлтсэн харагддаг. 

ЗӨВХӨН ҮНЭЭР НЬ ДҮГНЭЖ ЦЭВЭРЛЭГЧ БҮТЭЭГДЭХҮҮН СОНГОЖ БОЛОХГҮЙ
Мэдээж чи янз бүрийн брэндийн бүтээгдэхүүнүүдийн үнэ маш зөрүүтэй байдгийг анзаарсан байх. Эрдэм шинжилгээний судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэй сорил, үнэтэй орц – энэ бүгд мэдээж үнэд шууд нөлөөлдөг. Бид чамд эхлээд арьсныхаа төрөл болон бодит хэрэгцээг нь тодорхойлохыг зөвлөж байна. Харин дараа нь арьсандаа төгс тохирох бүтээгдэхүүний эрэлд гараарай. 

ТОНИК ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ
Арьс арчилгааны хоёрдугаар алхам бол тоник юм. Тоник ердийн бүтээгдэхүүний цэвэрлэж чадаагүй бохирдлоос ангижруулна, мөн гүн нэвчиж цэвэрлэдэг тул нүх сүвийг агшаана, арьсны pH-г тэнцвэржүүлнэ ба арьсыг бэлдмэл эсвэл тос түрхэхэд бэлдэнэ. Тоникийг нүүр цэвэрлэгч хөвөнд шингээгээд арьсыг арчина. 

ХАЛУУН УСААР УГААЖ БОЛОХГҮЙ
Халуун ус хэдийгээр таатай мэдрэмж төрүүлдэг ч нүүрээ хэзээ ч халуун усаар угааж болохгүй. Ялангуяа цоргоны халуун ус арьсыг хэт хуурайшуулдаг тул нүүрээ өрөөний хэмийн усаар угаагаарай. 







Зурвас: Зураг: Kristine Wreyford, Fotolia