ГУУЖУУЛАЛТ
Чи хамгийн сайн (эсвэл хамгийн үнэтэй) арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж болно гэвч үхэжсэн эд эсээ гуужуулахгүй бол гоо сайхны салбарын ямар ч бүтээгдэхүүн чамд нэмэр болохгүй. Чийгшүүлэгч бүтээгдэхүүнийг арьсны гүн давхарга руу нэвтрүүлэхийн тулд арьсаа тогтмол гуужуулах хэрэгтэй. Мөн нарны хэт ягаан туяаны улмаас гэмтсэн арьс илүү эмзэг болдог тул байгалийн гаралтай бичил талстууд агуулсан гуужуулагч бүтээгдэхүүн сонгоорой – тэр арьсыг зөөлөн арчилж гэмтээхгүй.
С АМИНДЭМ
Хүрээлэн буй орчны хүчин зүйлс (юуны түрүүнд нарны туяа) арьс хөгшрөлтийн 80%-г өдөөдгийг чи мэдэх үү? Энэ л шалтгаанаар нарнаас хамгаалагч бүтээгдэхүүний хэрэглээ маш чухал юм. Харин арьсаа хамгаалахын зэрэгцээ ерөнхий төлөвийг нь сайжруулахын тулд С аминдэм агуулсан бүтээгдэхүүн сонгоорой.
НӨСӨӨ ТОЛБО
Дух, хацар ба уруулын дээд хэсэг дэх бараан толбо нь намрын эхний саруудад тодрох хандлагатай байдаг. Арьсны өнгөө жигд болгохын тулд меланины боловсруулалтыг багасгаж өнгөний өөрчлөлттэй тэмцэгч бүтээгдэхүүн хэрэглээрэй.
ШАВЬЖИД ХАЗУУЛАХ
Шавьжид хазуулах нь загатнах таагүй мэдрэмж төрүүлэхээс гадна сорви үлдээх аюултай. Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр арьсаа чийгшүүлж арьсны өнгийг өөрчлөгдөхөөс сэргийлэгч бүтээгдэхүүн хэрэглээрэй. Өөрөө алга болохгүй сорвийг дарахын тулд тэр хэсэгт өө дарагч хэрэглээрэй.
ШӨНИЙН АРЧИЛГАА
Орой арчилгаа бол иж бүрэн арчилгааны зайлшгүй хэрэгтэй нэг хэсэг юм. Цэвэрлэгч бүтээгдэхүүн болон тоник нь бохирдлыг арилгадаг бол бэлдмэл болон шөнийн тос нь чамайг унтах зуур арьсыг арчилдаг. Зуны амралт дуусаж хуучин хэмнэлдээ орохдоо энэхүү дүрмийг мөрдөхөө бүү мартаарай.