АЛДААН ДЭЭРЭЭСЭЭ СУРАЛЦААРАЙ
Улирч буй ондоо хаана ямар алдаа гаргаснаа бодож дүгнэлт гаргаарай. Таны 2018 онд гаргасан алдаанууд таныг 2019 ондоо зөв шийдвэрүүдийг гаргах үндэс болох ёстой. Дүгнэлтээ гаргахгүй бол ирэх ондоо ахиад л алдаанууд давтагдана. Тиймээс эртхэн өөрийгөө дүгнээд алдаан дээрээсээ суралцаарай.
БАГА БАГААР ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙГЭЭРЭЙ
Эрүүл хооллох нь мэдээж зөв. Мөн өглөө бүр гүйх ч тэр. Хятад хэл сурах нь бүр ч сонирхолтой. Хундага оргилуун дарс бариад хөгжмийн эгшигийн дор зогсох мөчид иймэрхүү амлалтууд нь биелүүлэхэд тун хялбар санагддаг. Мэдээж хэрэг ийм амлалтуудыг өөртөө өгөхөд буруу зүйл огтхон ч үгүй, гэхдээ өндөр үр дүнд хүрэхийн тулд эдгээр амлалтуудаа хэдэн хэсэгт хуваагаад бага багаар ахиц гаргах нь чухал. Яагаад гэвэл нэгдүгээр сарын 1-нд бид ийм олон өөрчлөлтийг эхлүүлье гэтэл үнэндээ хөнжилдөө шургаад дуртай цувралаа үзээд хэвтэхийг л хүсэж байдаг шүү дээ. Өөртөө итгээд, бага багаар өөрчлөлтөө эхлүүлээрэй.
ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДАГУУ ХИЙГЭЭРЭЙ
Нарийн төлөвлөсөн долоо хоног гэдэг танд уйтгартай санагдаж, гэнэтийн сонирхолтой уулзалт хийх боломж гарахгүй мэт санагдаж байна уу? Тэгвэл та ихэнх үдшийг яаж өнгөрөөдөг тухай нэг бодоод үзээрэй. Хоорондоо маш төстэй байдлаар өнгөрдөг байгаа биз? Заримдаа бидэнд чөлөөт цагаа төлөвлөх ямар ч цаг, хүч үлдээгүй байдаг. Гэвч хэрэв бага зэрэг цагийг л урьдчилан төлөвлөхдөө зориулж чадвал таны амьдрал хавь илүү хялбар бөгөөд сонирхолтой болж чадна. Театрын тасалбараа урьдчилж аваад, зоогийн газарт захиалга өгөөд, энэ өдөрт зориулж хувцаслахад л болно. Ажлаа ч зохих хугацаандаа хийж гүйцэхэд тань тусална!
МӨРӨӨДӨХӨД МӨНГӨ ТӨЛӨХГҮЙ
Таны гаргах өөрчлөлтүүд хий хоосон үгс бус цаашдаа танд нэн хэрэгтэй зорилгуудын биелэл юм гэдгийг санаарай. Бусад хүмүүс юу гэж хэлэхээс үл хамааран та өөрийн зорилгодоо бат үнэнч зогсоорой. Харин өөрийгөө хэдийнээ амжилт гаргаснаар төсөөлж байх нь үүнд чухал нөлөөтэй. Та хүссэндээ хүрснээрээ ямар мэдрэмж авч, ямар хүмүүсээр хүрээлүүлэхээ төсөөлөөрэй. Мөрөөдөл тань бодит амьдралд саад болох ёсгүй ч харин юуны төлөө хөдөлмөрлөж байгаагаа санаж явахад чухал юм. За одоо хөдөлмөрлөж эхлээрэй!
ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЖ БАЙГААРАЙ
Орой бүр талархалтай байдаг 5 зүйлээ бичдэг зуршилтай болохыг зөвлөе. Эхэндээ энэ нь танд маш энгийн байх болно. Харин аажимдаа илүү хүнд болох болно, яагаад гэвэл нэг бичсэн зүйлээ ахиж давтаж болохгүй. Энэ зуршил нь эрүүл энх байдал, гэр бүл, нартай дулаан цаг агаар г.м. бидний амьдралдаа хэчнээн чухал гэдгийг мартчихдаг зүйлсийг санахад тус болно. Түүнчлэн, өдөр бүр өөртөө таатай зүйлсэд цаг зарцуулж сураарай. Орой талархалтай байдаг зүйлсийн жагсаалтдаа оруулахад хэрэг болно шүү дээ!