Дасгалын дараа булчингаа нөхөн сэргээх 5 арга

Эрчимт дасгал, шинэ дасгалын дараа эсвэл удаан завсарласны дараах фитнесийн эхний өдөр булчин булгарах нь энгийн үзэгдэл ч чи заавал зовж шаналах шаардлагагүй! Булчингийн өвчинг дарж таагүй мэдрэмжээс сэргийлэх олон арга байдаг.

1. СУНГАЛТ
Дасгалын өмнөх эсвэл дараах сунгалтын дасгалын ач тус нь бодитоор батлагдаагүй ч, энэ төрлийн дасгалыг тогтмол хийх нь биеийн байдлаа зөв байлгахад тусалдаг байна. Дасгалын дараа таагүй мэдрэмж төрж байвал хөдөлгөөнгүй нэг байрлалд 30 минут байгаарай (жишээ нь, гарын хуруугаа хөлийн хуруундаа хүргэж). Энэ нь таагүй мэдрэмжийг түр ч болов үгүй хийнэ. 

2. ХӨӨСӨН ӨНХРҮҮЛҮҮР 
Хөөсөн өнхрүүлүүрийг булчинд иллэг хийхэд, мөн дасгалын дараах стрессээс ангижрахад хэрэглэдэг. Өнхрүүлүүр нь уян хатан хирнээ зөөлөн, 10-15 см диаметртэй цилиндр хэлбэртэй байх ба хатуурсан булчинг суллаж жинхэнэ гайхамшигт нөлөө үзүүлдэг.

3. АМРАЛТ
Хэрвээ чи тэмцээнд бэлдэж байгаа эсвэл онцгой үйл явдалд бэлдэж галбираа засахыг хүсэж байгаа бол завсар зайгүй хичээллэж байгаа байх. Энэ бол маш буруу. Нэгдүгээрт, энэ нь бэртэж гэмтэх шалтгаан болно. Хоёрдугаарт, булчин заавал амрах хэрэгтэй. Зүгээр л бодоод үзээрэй: төмөртэй суулт бүрд булчингийн хамгийн нарийн ширхгүүд тасарч байдаг. Тэгэхээр тэдэнд нөхөн сэргээх хугацаа хэрэгтэй байгаа биз? Үр дүн хармаар байна уу? Тэгвэл ачаалалтай дасгалын дараа заавал амарч байгаарай.

4. ХАЛУУН ЭСВЭЛ ХҮЙТЭН ШҮРШҮҮР
Дасгалын дараа хүйтэн шүршүүрт орсноор судас агшиж улмаар хаван үүсэхээс сэргийлж болно. Хэрвээ чи маш өндөр ачаалалтай дасгал хийгээд булчингаа гэмтээсэн эсвэл хэт ядраасан байгаа бол мөстэй усанд орвол таагүй мэдрэмж арилна. Нөгөө талаас бүлээн ус тайвшруулж, цусны эргэлтийг сайжруулж, алжаасан булчинг суллана.

5. АЧААЛАЛ БАГАТАЙ ӨДӨРТЭЙ БОЛ
Алхах, сэлэх, йог, хөнгөн гүйх зэрэг дасгалыг булчингаа амраах, суллах зорилгоор хийж болно. Энэ дасгалыг “идэвхтэй нөхөн сэргээлт” гэж нэрлэдэг. Учир нь энэ үед цусны эргэлт идэвхжиж булчин нөхөн сэргэж дараагийн дасгалдаа бэлтгэгддэг. Ачаалал багатай өдрийг ачаалал өндөртэй өдрүүд хооронд байлгавал хамгийн тохиромжтой. 

 

 

Зурвас: Зураг: Getty Images