Эрүүл мэндээ дэмжих 5 арга

Эрүүл байхад заавал амьдралын хэв маягаа 100% өөрчлөх шаардлагагүй. Жижиг зүйлсийг анхаарснаар эрүүл мэндээ илэрхий сайжруулах боломжтой. Хамгийн гол нь тууштай бөгөөд өөртөө итгэлтэй байх юм.

10 МИНУТЫН ДҮРЭМ
Хоол боловсруулалтын явц нь амандаа хоол хийхээс ч өмнө эхэлдэг. Хоолны үнэр ба үзэмж нь амны хөндийд хоол боловсруулах энзимүүд ялгарахад нөлөөлдөг. Хэрэв та хэтрүүлэн идэх тохиолдол их байдаг бол хоол нэмэхээсээ өмнө 10 минут азнаарай. Энэ хугацаа нь таны ходоод тархинд тань цатгалан мэдрэмжийн дохиог илгээх хангалттай хугацаа юм. Хоол боловсруулах системээ илүү эрүүл байлгахын тулд удаан идэж, сайн зажлаарай.


СУПЕР ХҮНС ИДЭЭРЭЙ
Эрүүл мэндийн бүх асуудлыг хормын дотор шийддэг шидтэй хүнс байдаггүй. Гэсэн хэдий ч зарим хоол, хүнсний бүтээгдэхүүнүүд үнэхээр гайхалтай үйлчилгээтэй байдаг. Бид тэднийг «супер хүнс» (англи хэлээр super food) гэж нэрлэдэг. Тэдгээрийн дунд их хэмжээний антиоксидант агуулдаг нэрс, бууцай, мөн Омега-3 агуулдаг загасны тос, түүнчлэн уураг агуулдаг хар шош багтдаг.


АЛХАХ

Дасгал хөдөлгөөн хийх боломж гарвал үргэлж ашиглаарай. Өдөр тутмын дасгалын хугацаа 30 минутаас доошгүй байх хэрэгтэй бөгөөд дасгал хөдөлгөөн хийж эхлэх хамгийн энгийн арга бол алхах юм. Машинаар явахын оронд алхаж, цахилгаан шатаар зорчихын оронд шатаар алхаарай.

ӨГЛӨӨНИЙ ЦАЙ УУГААРАЙ
Та үүнийг нэг бус удаа сонссон нь лавтай. Гэсэн хэдий ч бид ахиад нэг удаа давтаж хэлье. Өдрийн хамгийн чухал зүйл бол өглөөний цайгаа уух юм. Өглөөний цай танд эрч хүч өгч, таныг өдрийн туршид төвлөрөх, анхааралтай байхад туслах тэжээллэг бодисуудаар хангана. Тэнцвэртэй өглөөний цай нь түүнчлэн зохистой жингээ хадгалахад тусалдаг. Өглөөний цайндаа өндөг, үр тариа, жимс, цэвэр йогурт хэрэглээрэй.


ЗУУШАА УХААЛАГ СОНГООРОЙ

Бидний ихэнх нь өдрийн талд хөнгөн зууш идэх дуртай. Харин ингэхдээ жигнэмэгийн оронд жимс, ногоо сонгож, 100-200 калороос хэтрүүлэхгүй байхыг анхаараарай. Өдөрт 2-3 удаа ийм зууш идэх нь бодисын солилцоог сайжруулж жингээ барихад тань тусална.

Зурвас: Зураг: Shutterstock