Зургаан жилийн өмнө би Орифлэймд зуны дадлага хийж байсан ба энэ хугацааг амжилттайгаар дуусгасны дараа намайг ажилд авсан билээ. Би олон улсны компанид ажиллахыг хүсэж байсан ба энэ мөрөөдөл маань биелсэн. Орифлэймд би хэрэглэгчдийн үйлчилгээг сайжруулах, олон улсын төслүүдийг зохицуулах ажлыг хийж борлуулалт ба бизнесийн дэмжлэгийн албанд ажиллаж байсан. Би ажилдаа ухаангүй дурласан байсан ч, ялангуяа хямралын үед үнэхээр их стресстэй байсан. Нэг л мөчид би өөрчлөлт хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Амьдрал сүүлийн 3 жилд байсан шиг баяр хөөртэй байхаа больсон байсан. Ийнхүү би шийдвэрээ гаргасан. 2015 оны 7-р сарын 5-нд би Москавагаас явсан.
Би аялахыг маш их хүсдэг байсан ба ажлын шугамаар олон улс орнуудыг үзсэн. Харин Тайланд явах боломж гарахад би юу ч бодолгүй шууд шийдвэрээ гаргасан. Нэг л өдөр би ажлаасаа гарах өргөдлөө өгч 2 долоо хоногийн дараа Тайланд руу ниссэн. Тэр цагаас хойш 2 жил өнгөрөхөд энэ нь надад амьдралаа өөрчилж мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгосон хамгийн зөв шийдвэр байсныг ойлгож байна. Өнөөдөр би хүссэнээрээ аялах, travel-мөрөөдлүүдээ биелүүлэх ба хөгжих боломжтой амьдралын хэв маягтай. Дуртай зүйлээ хийх амьдралыг улам цоглог болгодог”.
Ийнхүү том шийдвэрийг хэрхэн гаргасан тухайгаа бидэнтэй хуваалцана уу?
“Тайланд руу явахыг би адал явдал, эрсдэл гэж бодож байсан. Амжилтад хүрч чадна эсвэл алдаж ч болно гэдгийг мөн ойлгож байсан. Гэхдээ би оролдоод үзэх шийдвэрийг гаргаж эцэст нь амжилтад хүрч чадсан. Мэдээж бэрхшээлүүд байсан. Тухайн үед би ажилдаа сэтгэл хангалуун, Oriflame-д цаашид ч ажиллана гэж бодож байсан ч, нэг л өдөр үзээд алдъя гэж бодсон. Бодсон зүйлээ хийж үзэхгүй л бол хожимд харамсах сэтгэл төрөхийг би мэддэг”.
Яагаад АНУ биш, Ази гэж?
“Надад Ази цаг агаарын хувьд, гоо үзэсгэлэнгийн ойлголт, мөн өнгөлөг амьдралаараа таалагддаг. Ази хүмүүс, тэдний сэтгэлгээ болон үнэт зүйлс нь маш их таалагддаг. Ази-д амьдралын түвшин тийм өндөр биш ч, хүмүүс өөртөө байгаа зүйлсээ үнэлж чаддаг. Би Ази-д олон удаа очиж байсан тул ямар газар руу явж байгаагаа эхнээсээ л мэдэж байсан. Тайланд-д ирээд англи хэлний багшаар сургуульд ажиллаж болохыг олж мэдсэн. Ингээд би шинэ мэргэжилтэй болсон билээа”.
Тайландын дунд сургуульд нэг семестр ажилласны дараа би өөр улс руу явахыг хүссэн. Тайланд хэт тайван улс тул би ийнхүү тайван амьдралд хялбархан дасах шинжтэй байсан. Яг энэ үед би Наташатай танилцаад сайн найзууд болсон. Нэг өдөр бид гал тогоондоо хоолоо идэнгээ дараагийн аялах улсаа сонгож байхдаа өмнө нь хоёулаа Хятад руу явж үзээгүй гэдгээ олж мэдээд хамтдаа явахаар шийдсэн. Би шинэ зүйлс олж мэдэх, шинэ хүмүүстэй танилцах, шинэ соёлд суралцах маш дуртай. Зүгээр аялж байхад тухайн улсыг бүрэн мэдрэх боломжгүй байдаг тул миний хувьд нутгийн хүмүүстэй хамт ажиллах, амьдрах хамгийн сонирхолтой байдаг.
Өөрийн төслөө боловсруулах мөрөөдлөөс өөрийн гэсэн аяллуудтай болсон мөч хүртэл хэр хугацаа өнгөрсөн бэ? Та цахим хуудсаа өөрөө бүтээсэн үү эсвэл мэргэжлийн хүмүүсээс тусламж авсан уу?
Энэ мөрөөдөл эртнээс л зүрхэнд минь байсан. Би Орифлэймд ажиллаж байхдаа хүртэл аялах дуртайгаа, энэ салбарт өөрийгөө хөгжүүлмээр байгаагаа мэддэг байсан. Найзтайгаа бид 2 санал бодлоо нэгтгээд хамтарсан. Анхны оролдлого маань амжилтгүй болж билээ: бид ганцхан хуудастай сайт бүтээсэн ч багаа бүрдүүлж чадаагүй. Гэвч санаагаа орхилгүй дахин оролдсоны эцэст амжилтад хүрч чадсан. Хятадад очихдоо ч бас оролдлогоо үргэлжлүүлсээр байлаа. Аяллын багцын хувьд бид урьд өмнө олон удаа очиж байсан улсуудаа сонгож 4 багц боловсруулсан. Эдгээр улсуудыг бид өөрсдөө маш сайн мэддэг тул аялагчиддаа тэр хэмжээгээр танилцуулж чаддаг”.
Танай аяллын багцад ямар улсууд ордог вэ?
“Манай гурван аялал Хонгконгоос эхэлдэг: Хонгконг-Макао-Хойд Вьетнам, Хонгконг-Макао-Филиппин, Хятад ба Тайланд-Малайз. Үндсэн формат бол тухайн улсын соёл, онцлог шинж чанарыг бүрэн мэдэрч адал явдалтай аялах. Бид дотоодын иргэд адил аялж, зугаалж, хүмүүстэй танилцана. Өөрөөр хэлбэл, ердийн аяллын компаниар аялахад үзэх боломжгүй газруудыг үзнэ гэсэн үг.
Бид өөрсдийгөө зөвхөн хэрэглэгч гэж боддоггүй тул сайн санааны, сайн дурын үйлс хийхийг хичээдэг. Нутгаар нь аялсны хариуд бид тухайн улсын хүмүүст ямар нэгэн зүйл өгөх хэрэгтэй гэж боддог. Бид вэб зохион бүтээгчтэй хамтран ажиллаж цахим хуудсаа бүтээсэн ба одоогоор сурталчилгаа ба хүмүүсийг татах шатанд явж байна. Бид аялж байгаа улсуудаа маш сайн мэддэг тул аялагчиддаа аль болох мартагдашгүй дурсамж болоод сэтгэгдэл үлдээхээр аялал зохион байгуулдаг”.
Олон нийтийн сүлжээнд хэрхэн ажилладаг вэ? Сургалтад хамрагдаж, эсвэл сургалтын ном уншиж байсан уу?
“Манай бүтээгдэхүүнийг хүйтэн зах зээл дээр борлуулах хэцүү. Бид өөрсдөө туршлагатай аялагчид, бидэнтэй хамт аялахад бид ердийн аяллын компанийн хөтчөөс харьцангуй сонирхолтой зүйлс үзүүлдэг тул хүмүүс бидэнтэй хамт явахыг хүсдэг. Ямар ч эргэлзээгүй энэ нөхцөлд өөрсдийн брэндээ үүсгэж болно. Одоогийн байдлаар би олон нийтийн сүлжээг хөтлөх сургалтуудад сууж байгаа. Бусад хүмүүс хэрхэн хөгжиж байгааг уншиж хараад сайхан бүхэнд нь өөрөө ч бас суралцаж бизнестээ хэрэгжүүлэхийг хичээдэг. “
Олон нийтийн сүлжээний гол сувгууд инстаграм болон фэйсбүүк үү?
“Яг одоогоор бид өөрсдийн хувийн хуудас @spadack хаягаа ашиглаж байгаа. Бид @travelnowornever компанийнхаа хаягийг үүсгэх ажлаа хэдийнээ эхлүүлсэн. Олон нийтийн сүлжээнээс хүмүүс бидэнтэй холбогдсноор ямар хүмүүстэй ажиллах гэж байгаа, тэднээс юу хүлээх зэрэг мэдээллийг илүү дэлгэрэнгүй авч чаддаг”.
Та бидэнд бизнес удирдлагын ямар нэгэн ном санал болгож чадах уу? Ер нь тэд хэрэгтэй юу?
“Мэдээжийн хэрэг бизнес, маркетинг, хувийн хөгжил зэрэг номнууд өөртөө итгэлтэй болоход зайлшгүй хэрэгэй. Яагаад гэвэл аливаа шинэ зүйлийг эхлүүлэхтэй зэрэгцээд олон айдас төрдөг ба энэ үед эдгээр номнууд нь бидэнд тархиа зөв ажиллуулахад дэмжлэг болдог. Миний гурван ном бол: “Насан туршийн хэрэглэгчид” (Карл Сьюэлл ба Пол Браун нар), “Хөх тэнгисийн стратеги” (Ким Чан ба Рене Моборн нар), ба Барбара Шэрийн мөрөөдлийн тухай номнууд”.
Чи олон улсын компанид ажиллаж байсан. Харин одоо чи хувиараа бизнес эрхлэгч болоод мөрөөдөж байсан шигээ амьдарч байна. Өөрчлөлт хийх шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа хүмүүст чи юу зөвлөх вэ?
“Би нэг зүйлд чин сэтгэлээсээ итгэдэг: үнэт зүйлс, амьдралд чамд юу чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Ямар нэгэн зүйлийг хийх бүрдээ өөрөөсөө асуугаарай: Энэ зүйл миний хувьд чухал уу? Хэрвээ чиний хийж байгаа зүйл юу ч байсан хамаагүй чамд аз жаргал мэдрүүлэхгүй байвал өөрчлөлт хийх цах иржээ гэсэн үг. Доороос ямар нэгэн зүйл нухаж байхад түүнийг тэгшилж тавиад дээр нь хэвтэх хялбархан шүү дээ. Гэвч хүссэн зүйлээ хийхэр зоригтой байх маш чухал. Мөрөөдлөө маш тод бөгөөд ойлгомжтой тодорхойлж зураад юу зорьсоноо үргэлж санаж, асуудалтай тулгарахад, бүхнийг орхимоор санагдахад энэхүү зургаа харж байгаарай. Энэ бол чиний үнэт зүйлсэд тулгуурласан зураг ба тэрээд зорилгодоо хүрэх аян замд чамайг идэвхжүүлж, урам зориг хайрлаж эрч хүчээр цэнэглэнэ. Айх хэрэггүй. Энэ маш хэцүү санагдаж болно, гэхдээ аажмаар, жижиг алхмаар, өдөр бүр тууштай урагшлахад үр дүнд заавал хүрнэ. Өөртэйгөө тохиролцох хэрэгтэй: хэрвээ чи айгаад байвал хоёулаа 20 минут түр хүлээе, гэхдээ энэ хугацаа дуусахад заавал зорьсноо хийнэ шүү”.