— Таны хувьд Мартын 8-ний баяр ямар утга агуулдаг вэ?
— Энэ бол хүйсийн тэгш эрхийн, эмэгтэйчүүдийн биеэ даасны баяр юм. Эмэгтэй бүр өөрийнхөөрөө байхдаа аз жаргалтай байх эрхтэй. Аз жаргалтай болохын тулд түүнд нөхөр хайх, хүүхэд төрүүлэх эсвэл өмнө нь салсан бол ахин гэрлэх шаардлага байхгүй. Энэ байдал надад маш их таалагддаг. Аливаа ажил албан тушаалд эр эмийн ялгаа байх ёсгүй. Эрэгтэй хүн ажил хийж мөнгө олох ёстой, харин ингэхгүй бол тэр эр хүн биш гэсэн ойлголт нийгэмд байдаг. Мэдээж эрэгтэй хүн өдрийн өдрийг гэртээ хэвтэж өнгөрүүлэхэд түүнийг халамжлаад байх хэрэггүй ч “алив мөнгө олж ирэхээр гар” гэж албадах ч мөн буруу юм.
— Нийгмийн эмэгтэйчүүдэд тохдог дарамтыг яах вэ?
— Энэ байдлыг биднээс өөр хэн ч өөрчлөхгүй. Идэвхтэй амьдралтай эмэгтэйг бусад эмэгтэйчүүд ганц бие болохоороо ийм байна гэж боддог. Манай нийгэмд 25-35 насны бүсгүйг 25 нас хүртлээ хүүхэд төрүүлээгүй бол оройтсон төрөлт гэж үздэг бол миний хувьд энэ нас эмэгтэй хүний хувьд хамгийн цоглог, хамгийн идэвхтэй нас юм. Эмэгтэй хүн хүүхэд үрчилбэл яагаад өөрөө хүүхэд төрүүлээгүйг нь асуудаг. Эмэгтэйчүүд үр суулгуулахын тулд олон сараар хүлээж дааврын эм хэрэглэдэг. Яагаад хүүхэд төрүүлж чадахгүй эмэгтэй өөрийгөө эмэгтэй хүний хувьд дутагдалтай юм шиг бодоход хүрдэг вэ? Яагаад хүмүүс бидэнд асрамжийн газрын хүүхдүүд заавал гэмт хэрэгтэн болдог гэсэн ойлголтыг тулгадаг вэ? Бид маш олон зүйлд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй.
— Таны бодлоор манай улсад өнөөдөр яагаад “феминизм” үгийг маргааны үг мэт хүлээн авах болсон бэ?
— Өнөөдөр энэ үг хэрвээ та эрхийнхээ төлөө тэмцэж эхэлбэл эрчүүд танаас зугтана гэсэн ойлголт өгөх болсон. Жишээ нь, жүжигчин Мэрил Стрип олон нийтэд феминист биш болохоо, мөн феминизмийг дэмждэггүй гэдгээ зарласан. Феминист гэдэг нь эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч хүнийг хэлдэг. Манай улсад феминизмийн маш хүчирхэг уламжлал байдаг. Зөвлөлт Холбоот Улс эмэгтэйчүүдийг эрчүүдтэй ижил эрхтэй болгосон. ЗХУ Европын олон орнуудаас хамгийн түрүүнд эмэгтэйчүүдэд сонгуульд санал өгөх эрхийг өгсөн. ЗХУ-д Зөвлөлийн 30-с доошгүй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байсан. Олон судлаачдын үзэж байгаагаар хэрвээ хүйсийн тэгш байдлын бодлого энэ маягаар үргэлжилсэн бол манайд хямрал ийм хүнд тусахгүй байх байсан. Гэвч би танаас ЗХУ-д эмэгтэй сайд байсан уу гэж асуувал та зөвхөн Фурцеваг л санах байх, учир нь тэр үед түүнээс өөр эмэгтэй сайд байгаагүй юм.
— “Шилэн тааз” гэж нэрлэдэг зүйл нь энэ байх даа?
— Тийм. Бид хүйсийн тэгш байдалд хүрэхийн төлөө том алхмаар урагшилж байсан ч эцэст нь хүрч чадалгүй ухарсан. Яагаад ингэхэд хүрсэн бэ? Өнөөдөр хүйсийн ялгаа дараах маягаар байх болсон: гэр бүл бүтэн байх ёстой, заавал хүүхэдтэй байна, болж өгвөл 2-3 байвал бүр ч сайн. Үүний зэрэгцээ эрчүүд нууц амрагтай тэр байтугай хоёр гэр бүлтэй байж болно. Үүнийг бидэнд бидний эмээ нар, сурталчилгаа ба зурагт заадаг. Гэр бүлтэй байх нь үнэхээр сайхан зүйл, гэвч та нийгмийн танд тулгаж буй гэр бүлийн загвар бүхий гэр бүлтэй болохыг хүсэж байна уу? Статистикийн хувьд ч энэ боломжгүй юм: 78 сая эмэгтэйд 66 сая эрэгтэй ногддог ба 40 жилийн дараа энэ ялгаа улам нэмэгдэх болно. 12 сая ганц бие эмэгтэй - энэ бол зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн хүн амтай Москва хот гэсэн үг юм. Тэглээ гээд нийгэм бидэнд аз жаргалгүй эмэгтэйчүүд гэсэн нэр тохох уу? Үгүй шүү.
— Таны бодлоор энэ байдлын гарц нь юу вэ?
— Аз жаргалтай эмэгтэйн ойлголтыг өөрчилсөн цагт л “феминизм” гэдэг үг бидэнд маргааны үг мэт санагдахаа болино. Зөвхөн чамаас өөр хэн ч чамайг аз жаргалтай болгохгүй, учир нь зөвхөн чи л өөртөө юу хэрэгтэй байгааг мэднэ. Би онцгүй ажилтай, би муу ээж, тийм болохоор надад нөхөр олдохгүй байгаа гэх мэт бодлоо өөрчилж өөрийгөө хөгжүүлсэн цагт бүх зүйл сайхан болно. Цаг зав хүрэхгүй байна уу – өдрийн хувиараа сайтар харвал чамд ямар их зав байгааг хараад чи гайхах болно. Хүүхэдтэйгээ ойлголцохгүй байна уу – хамтдаа хийх сонирхолтой зүйл олоорой. Хүмүүстэй харьцмаар байна уу – курс, дугуйлан, сургууль, клубд бүртгүүлээрэй. Ажил таалагдахгүй байна уу – өргөдлөө өгөөд өөрийнхөө таалах ажлаа эхлүүлээрэй. Өнөөдөр интернет, холоос ажиллах төсөл гэх мэт маш олон боломж бидний өмнө байх болсон.
— Эдийн засгийн хямрал хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдөг вэ?
— Хямралын үед эмэгтэйчүүдийн ажилладаг зарим салбарын хэрэгцээ нэмэгддэг: жишээ нь, нягтлан бодох. Нягтлан бодогчдын 80% нь эмэгтэйчүүд байдаг ба хямралын үед дампуурал, татварын хяналт ихэсдэг тул компаниуд сайн аудиттай байхыг хичээдэг. Би эмэгтэйчүүдийг хувиараа бизнес/хөдөлмөр эрхэлж чадна гэдэгт итгэдэг. Хямралын үед та хувийн компанид нягтлан бодогчоор ажиллаж болно. Эдийн засгийн цоорхой үүсэхэд хамгийн түрүүнд аюулгүйн төсвийг бус, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн ба тэтгэврийн төсвөөс хэмнэлт хийдэг. Харин яг одоо түр зогссон, хэмнэлтэд орсон төсвийг харвал ихэнх нь эмэгтэйчүүдийн ажилладаг салбар, мэргэжил байдаг. Тиймээс та хүссэн хүсээгүй өөрийн гэсэн хөдөлмөр, бизнестэй байхаас өөр аргагүй юм.
— Манай улсад яагаад феминист эмэгтэй хөөрхөн байх, өөрийгөө арчлах ёсгүй гэсэн ойлголт байдаг вэ?
— Эмэгтэй хүн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална гэдэг нь өөрийн хүсэл мөрөөдлөө үл тоомсорлох, тэднээсээ ичих гэсэн үг биш юм. Чи өглөө бүр үсээ ороох, нүүрээ будах, хөх томруулах мэс засалд орох албагүй ч, маникюр, эрүүл үс ба арьс бол байх ёстой л зүйл юм. Би Швед, Норвеги улсаар олон удаа зочилж байсан. Эдгээр улсуудад хүйсийн тэгш байдлыг хуулиар баталсан, амьдралын түвшин маш өндөр ба хүн ам нь арчилгаатай дүр төрхийг эрхэмлэдэг. Өөрийгөө арчилна гэдэг нь хүчээр хийж буй хийсвэр зүйл байх ёсгүй, танд таашаал мэдрүүлэх ёстой. Жишээ нь, надад өөрийгөө арчлах маш их таалагддаг.
— Эдийн засгийн шинжлэх ухаанд lipstick index буюу “уруулын будгийн индекс” гэсэн ойлголт байдаг. Хямралын үед гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалт өсдөг гэж үздэг. Таны бодлоор энэ өсөлт юутай холбоотой вэ? Манай улсад ч мөн энэ өсөлт үзэгддэг үү?
— Хямралын үед гоо сайхны хэрэглээ нэмэгддэг нь үнэн. Олон шинжээчид гоо сайхны бүтээгдэхүүнийг баярын мэдрэмж төрүүлдэгтэй холбоотой гэж үздэг, харин баяр бол аз жаргал юм. Хоёрдугаарт, гоо сайхны бүтээгдэхүүн бол биднийг бусдаас ялгаруулах, илүү дур булаам харагдуулах нэг хэрэгсэл юм. Тэр бидний амьдралд баяр баясгалан авчирч бидэнд онцгой мэдрэмж төрүүлдэг. Үнэхээр ийм мэдрэмж төрүүлж байвал яагаад гоо үзэсгэлэнтэй харагдаж болохгүй гэж?
— Та нүүр будалтаа баярын ба ажил хэргийн гэж ангилдаг уу?
— Миний бодлоор эмэгтэй бүрд энэ ангилал байдаг. Би өдөр тутам нүдэндээ нуман хүрээ зурах дуртай ба онцгой үйл явдалд явахдаа илүү тод, өргөн хүрээ зурдаг.
— Та гоо сайхны цүнхэндээ ямар бүтээгдэхүүн үргэлж авч явдаг вэ?
— Суурь шингэн энгэсэг, шахмал энгэсэг, зовхины тосон будаг, хөмсөгний будаг эсвэл харандаа. Надад улаанаар будсан уруул маш их таалагддаг ч одоогоор өөртөө тохирсон зөв өнгөө олж чадаагүй байгаа тул уруулын будгийн оронд уруулынхаа төрөлхийн өнгөтэй ижил өнгөлөгч хэрэглэдэг. Мөн нүүр будалтын бүтээгдэхүүний зэрэгцээ миний гоо сайхны цүнхэнд арчилгааны бүтээгдэхүүнүүд заавал байдаг: нүүрний тос, уруулын бальзам, нүүрний будаг арилгагч бүтээгдэхүүн. Би арчилгааны бүтээгдэхүүнүүдийн үнэнч шүтэн бишрэгч. Би мэдрэмтгий арьстай, мөн ажлын ачаалал ихтэй, маш их аялдаг тул арьс арчилгаандаа онцгой анхаарал тавьдаг. Өөрийгөө арчилна гэдэг маш зөв хөрөнгө оруулалт юм.