Та хэрэгжүүлж буй загварын төслөө урт хугацааны төлөвлөгөө болгож эхлүүлсэн үү?
#FollowMeTo төслийн хүрээнд би зураг авалтад зориулж байнга шинэ өнгө төрх үүсгэж, аялж байгаа газрынхаа загвар зохион бүтээгчидтэй нь танилцаж, тухайн улсын түүх соёлыг судалдаг. Манай хуудсыг дагагч нар миний ямар даашинз өмссөн эсвэл нүүр будалтдаа ямар бүтээгдэхүүн хэрэглэсэн зэргийг байнга сонирхдог. Миний хувийн инстаграмын хуудас мөн л манай төсөлтэй холбоотой хуудас болж хувирсан. Аялах, аялж буй улсын түүхийг судлах хүсэл харин хэвээрээ үлдсэн. Миний аяллын хуваарьт Милан, Парис, Нью-Йорк зэрэг хотуудаас гадна Гүрж, Киев дэх загварын долоо хоног багтаж байгаа, мөн Сөүл хот руу аялахаар төлөвлөж байна.
Та загварлаг байхын зэрэгцээ өөрийнхөөрөө байж чаддаг. Загварын ертөнцөд түгээмэл байдаг зүйл бол ямар нэг дүрд хувирах, харин танд тийм зүйл байдаггүй. Таны нууц юу вэ? Хэрхэн чиг хандлагын хохирогч бололгүй загварын ертөнцөд үлдэх вэ?
Өнөөгийн нийгэмд бид маш их хэмжээний мэдээллийн дайралтад өдөр тутам өртөж байна. Шинэ зураг, хэв маяг, чиг хандлага зэрэг хэзээ ч дуусашгүй. Чиг хандлага бол мэдээж чухал, би түүнийг ухаалаг сонголт хийхэд суралцах сайхан боломж гэж хардаг. Түүнд өөрийн дайсан мэт хандахын оронд өөртөө тааруулж захирч сурах хэрэгтэй.
Загварын аливаа чиг хандлагыг дагаж байсандаа харамсах тохиолдол байдаг уу?
Бага байхааас минь хүссэн зүйлээ турших боломжийг олгодог байсан ээждээ маш их талархдаг. Бүх амьдралд минь хангалттай туршилтуудыг хийчихсэн мэт санагддаг. Сургуульд байхдаа гялалздаг ногоон уруулын будгаар будаж, үсээ боломжит бүх өнгөөр будаж байсан. Сормуусны будаг эсвэл шохойгоор үсээ сорлож буддаг, үс дараа нь дээшээ босоод хэлбэрт орохгүй болдог байсныг санаж байна. Түүнчлэн наадаг хумс нэг хэсэг чиг хандлагад байсан. Одоо эднийг бодохоор аймшигтай санагдаж байгаа ч тухайн үедээ ингэж туршилтууд хийх үнэхээр хөгжилтэй байсан шүү. Өөрийгөө олохын тулд олон зүйлийг туршиж үзэх хэрэгтэй гэж би боддог. Бага, залуу нас бол үүнд хамгийн тохиромжтой үе шүү дээ.
Наталья Османнтай хийсэн ярилцлагыг бүтнээр нь Амьдрах Гоо Зүй сэтгүүлийн шинэ дугаараас уншаарай.