Мөрөөдлөө дагаарай! Наталья ба Мурад Османн нарын амжилтын түүх

Instagram дээрх хамгийн сонирхолтой аяллын блогийн эздийг олоход амархан. Зураг болгон дээр нууцлаг үл таних бүсгүй сонирхолтой газар луу хөтөлж явдаг. Харин амьдрал дээр Мурад ба Наталья Османн нарыг таних амаргүй. #FollowMeTo хэштэгийн эзэд өөрсдөө ихэнхдээ кадрын ард үлддэг. Орифлэймийн өвлийн тусгай саналын гол дүрүүдтэй танилцах цаг ирлээ.

Яаж танилцсан түүхээ хувалцаач?
Наталья: 2010 онд бид хоёрын дундын найз танилцуулсан. Миний танил зурагчин найзтайгаа хамт ирнэ гэхэд би үнэндээ тийм ч дуртай хүлээж аваагүй. (инээв)
Мурад: Үүний дараа би найзаасаа Натальягийн дугаарыг авах гэж их удаан оролдсон. Эцэст нь “Одноклассники” олон нийтийн сүлжээнээс хайхаар болсон. Тэгээд л бид хоёр зэрэгцээ байранд амьдардгийг олж мэдсэн. Би өглөө болгон дугуйгаа авч гараад, идэвхтэй биеийн тамир хийх гэж байгаа мэт царайлдаг байсан ч үнэндээ Натальяг хамт зугаалахыг урихын тулд түүн рүү зургаа явуулдаг байв. Хариу өгөхгүй бол гэртээ буцаж ороод л унтана.

Анхны хамтын аяллаа санаж байна уу?
Мурад: 2011 онд бид хоёр анх удаа хамт аялсан нь Наталья миний Барселона дахь зураг авалтад ирсэн нь байлаа. Ажлын дараа бид хоёр хотоор зугаалж, энгийн жуулчид шиг зургаа авахуулдаг байв. Ингэх явцад аяндаа Follow Me To зургийн санаа үүссэн. Өвөрмөц, сонирхолтой харагдаж байсан болохоор бид хоёр энэ маягаараа зураг авсаар, шинэ орчин эрэлхийлсээр байсан.

Аяллын блог хөтлөх санаа хэзээ төрсөн бэ?
Мурад: Москвад буцаж ирээд бид хоёр миний хувийн инстаграм хуудсыг #FollowMeTo зургийн блог болгож өөрчилсөн. Энэ үед инстаграм нээгдээд удаагүй байсан болохоор бид анхны, тэр дундаа Оросын хэрэглэчдээс анхных нь байсан. Хаашаа ч аяллаар явсан бид хоёр энэ хэлбэрээрээ зураг дардаг байсан. Ингэж л эхэлсэн дээ.

Та хоёрын хувьд аялах нь ажил болсон гэж хэлж болох уу, эсвэл?
Мурад: Аялал ихэнхдээ хоёр долоо хоног үргэлжилдэг. Америкаар сарын хугацаатай, эсвэл Азиар хагас жил аялдаг хүмүүст атаархдаг шүү. Бид мөрөөдлийн ажилтай хүмүүс шиг харагдаж болох ч зураг авалт гэдэг амаргүй ажил. Бид үргэлж завсарлага авч, шинэ улс, хотоор тааваараа аялахыг эрмэлздэг бөгөөд өглөөний цай уух сонирхолтой газар, эсвэл гоё харагдах байдалтай дээвэр олохыг эрмэлздэг.
Наталья: Аялал хэрэв бид хоёрын хувьд энгийн зүйл болсон бол бид хоёр #FollowMeTo санааг гаргахгүй байсан байх. Тэгээд ч бид хоёрын очиж үзээгүй олон газар байгаа.

Ямар шинэ газраар аялахыг хүсч байна?
Мурад: Ойрхон байдаг улс орнуудаар аялахаа хойш нь тавьж, харин хол газар луу эхний ээлжинд аялдаг зуршил байгаа. Гэхдээ энэ жил бид хоёрын хувьд Грек улс жинхэнэ нээлт болж чадсан. Дараагийн зогсоол нь скандинавын орнууд.

Таны аяллын гоо сайхны цүнхэнд юу байдаг вэ?
Наталья: Онгоцонд өөртөө цаасан маск авч ордог бөгөөд тайвшруулах тос хэрэглэж, шингэний дутагдалд орохгүйн тулд ус их уудаг. Заримдаа нэг сарын дотор өөр өөр уур амьсгал, цагийн бүстэй 5 улс орноор аялах үе байдаг учир бие организм стресс бухимдалд ордог. Тиймээс би арьс, үсний арчилгаандаа их анхаарал хандуулж, иог, бясалгал хийдэг. Москвад буцаж ирээд халуун усны газар ордог. Энэ нь намайг авардаг уламжлал.

Шинэ Жилийн Үдэш хаана байх нь хамгийн гоё вэ?
Наталья: Бид хоёр янз бүрийн улсад шинэ оноо угтаж байсан хэдий ч энэ баяр үнэхээр гэр бүлийн л баяр. Цас, оливье салат, гацуур, оргилуун дарс, хамгийн гол нь ойр дотныхон хажууд байх шаардлагатай. Энэ жилийн Шинэ Жилийн Баярыг Москвад тэмдэглэхийг, харин оноо гаргасны дараа ямар нэг дулаан орон луу явахыг үнэхээр их хүсч байна.
Мурад: Эсвэл найзуудаа бүгдийг нь дагуулаад хамтдаа үлгэрийн Лапланди руу явж болох юм.

 
Зурвас: Зураг: Oriflame