Өдөр бүр Эрүүл Дадал

Sweetymotion хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа эрүүл амьдралын хэв маяг, гэр бүл, найз нөхдийн дэмжлэг болон урмын эх үүсвэрийнхээ тухай ярьж байна.

Таны хувьд гоо үзэсгэлэн гэж юу вэ?
Хүн болгон гоо үзэсгэлэнг өөрийнхөөрөө ойлгодог. Миний хувьд гоо үзэсгэлэн гэдэг нь хэн нэгнийг анх харахад төрөх анхны мэдрэмж юм. Гадна үзэмж сайхан
байхын зэрэгцээ дотоод хүн нь сайхан бол би ийм бүсгүйг төгс эмэгтэй гэж хэлнэ.

Аль ч насанд ямар нэгэн шинэ зүйл эхлүүлэх үргэлж маш чухал байдаг. Хамгийн сүүлд та хэзээ ямар нэгэн зүйлийг анх удаа хийсэн бэ?
Би 2015 онд сургалтын төвөө нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Сургалтын төвийн маань гол зорилго бол фитнесс, усан сан, йог зэрэг зориулалтын клубүүдэд явах цаг зав, боломжгүй ажил хэрэгч бүсгүйчүүд, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, төрсний дараах ээжүүдэд болон бусад эмэгтэйчүүдэд гэрийн нөхцөлд хийж болох дасгал хөдөлгөөнийг заах юм. Би охиноо тээж байхдаа жирэмсний үеийн дасгал хөдөлгөөн ба хооллолт, төрсний дараах хэвлийн 2 хөндлөн булчингийн дасгалыг өөр дээрээ туршиж үр дүнг нь мэдэрсэн болохоор бүсгүйчүүдтэйгээ энэ туршлагаа хуваалцаж тэдэнд ч бас өөртэйгөө адил төрснийхөө дараа хуучин галбиртаа түргэн ороход нь туслахыг чин сэтгэлээсээ хүссэн.

 

СОНИРХУУЛАХАД: Сүндэрмаагийн сургалтын төвд ТӨРСНИЙ ДАРААХ ЭЭЖҮҮДЭД зориулсан тусгай хөтөлбөр байдаг. Тэрээр бидэнтэй хувийн туршлагаасаа хуваалцлаа.

 

Ойр дотны хүмүүс тань таныг дэмжиж байсан уу?
Мэдээж! Анх фитнесс сургалтаа эхлүүлж байхад тийм ч хялбар байгаагүй ээ. Гэхдээ найз нөхөд, гэр бүл, нөхрийн маань "Сүндрээ чи дайчин, цоглог шүү дээ” гэх үгс надад маш их дэм өгч эрч хүчээр цэнэглэж байсан. Миний бодлоор амьдралын алхам бүрд найз нөхөд, ойр дотны хүмүүсийн тусламж дэмжлэг чухал байдаг. Ганцаараа зорилго тавин зүтгэснээс зорилго нэг хүмүүстэйгээ хамтрах нь харьцангуй өндөр үр дүнтэй байдгийг би өөрийн туршлагаасаа мэднэ. Жижиг том гэлтгүй амжилт гаргах бүрдээ бусдаас магтаал, сайшаал сонсох үнэхээр сайхан мэдрэмж. Мөн амьдралын хэв маягаа өөрчилж бусдад үлгэр дуурайл болж тэдэнд ч бас амьдралаа илүү сайхан, илүү чанартай болгоход нь хувь нэмэр оруулах надад маш их урам хайрладаг.

«Өдөр бүр эрүүл дадал»-ын нууцаасаа хуваалцана уу?
Би амьдралаа хөдөлгөөнгүйгээр төсөөлж ч чадахгүй. Анх 14 настай байхдаа гэртээ дасгал хийж эхэлсэн. Тэр үеэс хойш ер нь дасгал хийх нь биеийг эрүүл байлгаж, эрч хүчтэй болгож, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг юм байна гэдгийг ойлгосон. Мэдээж үүн дээр нэмээд эрүүл зөв хоолловол ямар ч хүн төгс гоо үзэсгэлэнтэй харагдана гэдгийг ухамсарлан ойлгосон. Цаг хугацааны явцад би энэ талаар судалгаа хийж ойлголтоо баталгаажуулан өөрийгөө улам хөгжүүлэхийг өдөр бүр хичээж байна.

Ихэнх хүмүүсийн хувьд анхны алхмыг хийх хамгийн хэцүү байдаг. Та өөрийгөө яаж идэвхжүүлж, урам зориг өгдөг вэ?
Аливаа зүйлийг анх эхлүүлэх хэцүү байдаг гэж хүмүүс ярьдаг. Харин миний хувьд хэцүү гэхээс илүүтэйгээр айдастай байдаг учраас л анхны алхмаа хийхээсээ халгаж тойрч яваад байдаг болов уу. Би өөртөө үргэлж "Битгий бууж өг, Эхлэл болгон хэцүү байдаг, Чи чадна, Чадахаас өөр аргагүй" гэж хэлж өөрийгөө хурцалдаг даа. Мөн эхлээд хийх гэж байгаа зүйлээ тал талаас нь сайтар бодоод дараа нь амжилтад хүрч байгаагаа төсөөлөн боддог.

Заримдаа юу ч хийсэн бүтдэггүй өдөр байдаг. Энэ үеийг та яаж давдаг вэ?
Ийм өдрүүд надад ч бас тохиодог ба энэ үед би найз нөхөдтэйгөө эсвэл нөхөртэйгөө ярилцахаар дотор онгойж бухимдал алга болж тайвширдаг. Үүн дээрээ нэмээд кофе уугаад хар шоколад идчихвэл амьдрал сайхан болох нь тэр дээ (инээв).

 

«Гадна үзэмж сайхан байхын зэрэгцээ дотоод хүн нь сайхан бол би ийм бүсгүйг төгс эмэгтэй гэж хэлнэ».

 

Эрүүл зөв хооллолт болоод дасгал хөдөлгөөнийг хэрхэн амьдралынхаа нэг хэсэг болгох вэ?
Бидний амьдрал олон тооны дадал зуршлаас бүрддэг. Харамсалтай нь тэдний ихэнх нь муу байдаг. Тэгэхээр эрүүл амьдралын хэв маягтай болохын тулд юуны түрүүнд муу дадал зуршлаа сайнаар солих хэрэгтэй. Харин сайн зуршлуудаа амьдралын хэв маяг болгохын тулд тэднийг өдөр бүр, байнга давтан хийх хэрэгтэй.

Та өдөр бүр хийдэг, түүнгүйгээр арчилгаагаа төсөөлж ч чадахгүй гоо сайхны дадалтай юу?
Би яаж ч ядарсан байсан орой унтахаасаа өмнө арьсаа заавал цэвэрлэдэг. Энэ бол миний арьс арчилгааны үндсэн дадал. Та бүхэндээ сануулж хэлэхэд нүүрний арьсандаа түрхдэг бүтээгдэхүүнээ хүзүү болон цээжнийхээ арьсанд мөн түрхэж заншаарай. Учир нь хүзүүний арьс нэгэнт үрчлээтэж унжсан бол засал авах нь маш бага юм шиг анзаарагдсан. Мөн би нүүрний бэлдмэлдээ дурласан гэж хэлж болно. Миний бодлоор энэ бол арьс арчилгааны хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүний нэг юм, тиймээс би арчилгаагаа түүнгүйгээр төсөөлж ч чадахгүй.

Таны хувьд олон нийтийн сүлжээ хэр чухал вэ?
Миний хувьд олон нийтийн сүлжээ чухал. Уран бүтээлчид олон нийтийн сүлжээгээр дамжуулан уран бүтээлээ өргөн хүрээнд хүргэх боломжтой байдаг. 20 жилийн өмнө бид зөвхөн радио, зурагтаар уран бүтээлээ хүргэдэг байсан бол өнөө үед тив алгасаж хүргэж байгаа нь сайхан санагддаг. Дэлхий нийтээрээ хөгжиж байгаа энэ цаг үед олон нийтийн сүлжээгүйгээр оршин тогтнож чадахгүй ээ.