Таны Орифлэйм дэх түүх хэрхэн эхэлсэн бэ? Та үргэлж олон улсын компанид ажиллах хүсэлтэй байсан уу ?
Би Швед компанид ажиллах хүсэлтэйгээ маш тодорхой мэдэж байсан. 90-ээд онд Стокгольмд асрагчаар ажиллаж байх хугацаанд, Швед улс, түүний ёс заншилд би дурласан юм. Холбооны улсаас ирсэн над шиг хүний хувьд, энэ нь цоо шинэ, онцгой туршлага болж өгсөн. Швед хүмүүс хэрхэн амьдарч буйг, хэчнээн найзархаг, инээмсэглэл дүүрэн, халамжтай, бие биеэ хүндэлсэн хүмүүс болохыг хараад, би ч мөн адил тийм байхыг хүссэн. Би анхны харцаар л дурласан. Хэрэв би Швед улс руу нүүж ирэн амьдарч чадахгүй бол, Шведийн заншил, түүний үнэ цэнэтэй зүйлийг түгээсэн компанид ажиллана гэж шийдсэн. Нэгэн удаа сонин уншингаа, Орифлэйм компани борлуулалтын менежерийн нээлттэй ажлын байр зарласан байхыг харсан юм. Намайг ч ажилд авсан ба ердөө хэдхэн сарын дараа би Орифлэйм Эстонийн ерөнхий захирлаар ажиллаж эхэлсэн.
ОХУ -ын компаниудад яг л олон улсын компаниудын адил эмэгтэй хүн өндөр албан тушаал эзлэх нь ховор байдаг. Энэ нь эмэгтэй хүнийг мэргэжлийн түвшинд авч үздэггүй гэдэг хүйсийн ялгавартай харьцаатай холбоотой гэж та үздэг үү?
Миний бодлоор олон улсын томоохон компанид ч эмэгтэйчүүд эрчүүдийн адил ажлын амжилттай байх тэгш боломжтой гэж үзэж байна. Бизнесийн хүрээнд борлуулалтын хэмжээ ба орлогоо нэмэгдүүлэх асуудал илүү чухал, тиймээс ч таны мэргэжлийн туршлага, та ямар үр дүнд хүрч чадаж байгааг л илүү хардаг. Эмэгтэйчүүд хоёр дахин илүү ачаа үүрэх шаардлагатай болдгоороо л ажлын амжилтанд хүрэх нь ховор гэсэн тогтсон ойлголт байдаг болов уу. Албан газрын ачаалалтай ажлаа тараад түүнийг гэрийн ажил хүлээж байдаг. Гэр бүл, үр хүүхдээ халамжлах нь маш их чадал, эрч хүч шаардсан бас л нэг хөдөлмөр шүү дээ.
Орифлэймд ажиллах хугацаанд танд нүүх шаардлага олон гарч байсан уу? Шинэ баг бүрийн итгэлийг олох, шинэ ёс заншилд дасах хэр хүнд санагддаг вэ?
Хамгийн гол нь ажиллахаар очсон улсынхаа ёс заншлыг ойлгож, хүндлэх явдал юм. Баг хамт олон даргадаа тааруулж ажиллах бус, харин дарга нь нухацтай байж, яагаад хүмүүс ийм шийдвэрт хүрэв, яагаад биеэ ингэж авч явахад хүрэв гэдгийг ойлгох нь чухал гэж би үздэг. Шинэ хүмүүстэй харилцаагаа тогтворжуулахын тулд тэдэнтэй харилцахад л хангалттай. Энд, Москвад, томоохон албан газар, олон тооны ажиллагсадтай ба би өдөр бүр хэн нэгнээс ингэж асуудаг: “таныг хэн гэдэг вэ? Та ямар ажил эрхэлдэг вэ?” Өдөр бүр – шинэ танил. Нэг давхраа дуусаад, дараагийн давхар луу тэгээд цааш гэх маягаар үргэлжлүүлнэ. Өөрөөр яах билээ? Хүмүүстэй ярилцах хэрэгтэй, харин эхний алхмыг би хийх ёстой.
Таны бодлоор ОХУ ба дэлхийн хэмжээнд шууд борлуулалтын ирээдүй ямар байх вэ?
Дэлхий ертөнц маш хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Хэрэв өмнө ба одоог харьцуулбал томоохон ялгааг харж болно. Тийм хэдий ч, шууд борлуулалтын үндсэн хүчин зүйл, давуу тал нь яг өмнөх шигээ зөвлөгөө хэвээр байна. Өнөө цагт хүмүүс сүүгээ худалдаж авахдаа ч ойр дотныхоо сэтгэгдэл дээр эсвэл өөрсдийн туршлага дээр тулгуурлаж авдаг. Би Москвад нүүж ирээд, нэг ч үсчин, нэг ч маникюрын мэргэжилтэнг мэддэггүй байсан, тэгээд би юу хийсэн гэж бодож байна? Би ажлынхнаасаа ямар газраар үйлчлүүлдгийг асууж эхэлсэн. Орифлэймийн бүх бизнес хувийн зөвлөмж дээр л суурилсан байдаг шүү дээ. Бид, ажилчид өөрсдөө гоо сайхны бүтээгдэхүүнээ хэрэглээд, мөн л бусад танилууддаа санал болгодог. Миний хувьд дуртай бүтээгдэхүүнээ бүх хөршүүддээ, бүх танилууддаа санал болгодог. Эсвэл, жишээ нь удаан уулзаагүй танилтайгаа таараад, танил маань: “Катрин, та ямар сайхан харагдаж байна вэ?”. Тэгэхээр нь би NovAge бүтээгдэхүүний тухай тайлбарлаж эхэлдэг. Бидний хоёр дах давуу тал бол нэмэлт орлого олох боломж. Өнөө цагт хүмүүс олон төрлийн ажлыг нэгэн зэрэг хийдэг. Жишээ нь, өдрийн цагаар албан газарт ажиллаад, харин орой нь таксины жолооч хийнэ. Харин Орифлэймийн хувьд ердөө бүтээгдэхүүн санал болгоод дурын хүн орлоготой болж болно.
Гэсэн хэдий ч зах зээлийн өрсөлдөөн маш их болсон. Онлайнаар юу ч худалдаж болох олон тооны брэндүүд, түүнийгээ дэлхийн аль ч өнцөгт хүргэж өгдөг үйлчилгээ бий болсон. Энэ бүгд Орифлэймийн зах зээлд эзлэх байр суурьт сөргөөр нөлөөлж чадна гэж та үзэж байна уу?
Өрсөлдөөн үнэхээр өсөж байгаа хэдий ч, энэ нь бидний хувьд асуудал биш. Нэгдүгээрт, Орифлэйм бол Швед компани. Энэ нь л чанарыг нь илтгэнэ. Үүнээс гадна манай компани - арьс арчилгааны мэргэжилтэн. Швед дэлхий дахинаа танигдаж буй чиг хандлагыг бий болгодог тэргүүлэгч улсын хувьд манай брэндийн гоо сайхны бүтээгдэхүүнүүд ч дээд зэргийн чанартай. Швед эмэгтэйчүүдийн одоо өмсөж байгаа зүйлсийг хагас жилийн дараа гэхэд хаа сайгүй өмсөнө. Тиймээс Орифлэймийн гоо сайхны бүтээгдэхүүн – үргэлж орчин үеийн, гайхалтай бүтээгдэхүүнүүд байдаг. Орчин цагийн ертөнцөд бид алга болно гэж би бодохгүй байна. Бид хэдийн ОХУ-д танигдсан ба, одоо ердөө л брэндэд итгэх итгэлийг бататгах үлдлээ.
Та хүмүүстэй их харьцдаг уу, өөрийн эрч хүчээ зарцуулах тохиолдол гардаг уу? Сэтгэл санаагаар унах тохиолдол бий юу? Энэ асуудлаа хэрхэн шийддэг вэ?
Мэдээж ийм зүйл тохиолдолгүй яахав. Би ихэнх эрч хүчээ зарцуулдаг – миний ажил ийм. Гэхдээ идэвхтэй байдал бол - миний төрөлхийн зан чанар. Заримдаа ядарч, хаанаас эрч хүчээ нөхөхөө мэдэхгүй үе гардаг ч, тийм үед би өөртөө ингэж хэлдэг: “үүнийг хийж дуусгаад л унтахаар орондоо оръё ”. Бүх зүйлд хүчээ шавхах боломжгүйг би ойлгодог учраас, тодорхой арга барилыг сонгодог. Жишээ нь, би зурагт огт үздэггүй, яагаад гэвэл үүнийг дэмий цагаа үрэх арга гэж боддог. Олон ангит кино, мэдээж заримдаа үзнэ, гэхдээ тархи ачаалуулахааргүй зөвхөн хөнгөн, хөгжилтэйг л. Бас нэг жишээ бол би Стив Жобсын адил илүү шийдвэр гаргахгүй байхыг хичээдэг. Тэрээр өглөө бүр юу өмсөх талаар бодохгүйн тулд үргэлж нэг хэвийн хоолойтой цамц өмсдөг байсан. Би ингэж чадахгүй нь мэдээж, би чинь эмэгтэй хүн шүү дээ, би том хувцасны шүүгээтэй. Харин спортын хувьд, би өөртөө зориулж гурван төрлийн дасгал хөдөлгөөний бичлэгийг татаад: даваа гаригт эхний иж бүрдэл дасгалыг 20 минут, мягмар гаригт дараагийнхыг, лхагва гаригт гурав дах гэх маягаар хичээллэдэг. Надад удаан бодож, сонгох шаардлагагүй – би ердөө шууд л хийдэг.
Амжилттай яваа олон хүмүүс өглөөний зан үйлийн чухлыг их ярьдаг. Танд тийм зүйл бий юу?
Тийм ээ, би ч бас тийм хүмүүсийн нэг. Өглөө 5:15д босоод, ус, кофе ууна, спортоор хичээллэнэ. 7:30 гэхэд ажил руугаа явахаар гэрээсээ гарна. Албан газартаа 8 цагт ирсэн байдаг. Яг энэ цагт маш таатай байдаг: чимээгүй, тайван. Бусад хүмүүсийг ирэхээс өмнө би ихийг хийж амжуулдаг. Үүнээс гадна, албан газарт ямар орчин бүрддэгийг би ойлгож байна: өглөө хүмүүс ирэхдээ ямар сэтгэл санааны байдалтай, сэтгэл ханамжтай байгаа эсэхийг би анзаарч хардаг. Би эрт босдог учраас, оройны найман цаг гэхэд миний ажлын бүтээмж буурах нь мэдээж. Ер нь бол өдрийн дөрвөн цагаас хойш хүч шаардсан ажил хийхгүй байхыг хичээдэг, харин оройн уулзалтуудаа өглөө рүү шилжүүлдэг.
Хувийн амьдрал, гэр бүлд цаг гардаг уу?
Хэдий амаргүй ч би тэнцвэрийг олохыг хичээдэг. Харин би амралтаа авсан үед – би амардаг. Миний хүүхдүүд үд болтол унтах үед, миний хувьд хийх зүйл олддоггүй үе ч бий, би чинь эрт босдог хүн шүү дээ. Тийм үед ажилтай холбогдолтой зүйл хийдэг. Гэхдээ ерөнхийдөө, аль болох амрахыг хичээж, юм уншдаг.
Уншлагын хувьд, танд хэрэгтэй болон сонирхолтой санагдсан зөвлөх ном бий юу?
Саяхан би гайхалтай хоёр ном уншсан: Лиэнн Бризендайны зохиосон The Female Brain ба The Male Brain. Хэн бүхэн энэ номыг унших хэрэгтэй, ингэж бид бие биеэ илүү ойлгох болно. Ер нь бол надад ном уншаад байх зав төдийлөн гардаггүй.
Ээж аавын туршлага удирдан зохион байгуулах чадварыг хөгжүүлэхэд нөлөөлдөг болов уу, та юу гэж бодож байна?
Мэдээж. Үүний хажуугаар миний нөхөр Азербайжан хүн. Бид өөр ёс заншилтай, үүний хүчинд ч бас би дурын улс оронд амар дасан зохицдог байх. Ээж хүний туршлага болон гэр бүлийн амьдрал ер нь бүх зүйлийг ойлгоход тусалдаг. Хүүхдүүдтэй харьцахдаа ийм арга барилтай байдаг: би тэдэнд “үгүй” гэж хэлдэггүй. Энэ үгийг хүүхдүүд байнга л сонсдог. Би гадаа тоглож болох уу? Үгүй. Би ахиад гучин минут оройтож болох уу? Үгүй. Яагаад ингэж хариулдаг юм болоо? Ямар ч тодорхой шалтгаан байхгүй шүү дээ. Зүгээр л эцэг эхчүүд хүүхдүүдээ хязгаарлах ёстой гэсэн өөрсдийн үзэл баримтлалдаа баригддаг. Харин би үүнтэй санал нийлдэггүй. Би чанга хатуу дэглэмийг сайшаадаггүй.
Харин ажлын хувьд?
Үнэнээ хэлэхэд, ажлын хувьд ч би айхтар хяналт тавиад байх дургүй. Хүн бүр гэрээний дагуу өөрийн ажлаа цаг хугацаанд нь хийж гүйцэтгэдэг тийм системийг л бий болгохыг хичээдэг. Би хүмүүст итгэхийг хичээдэг, харин хэрэв асуудал өөр тийшээ эргэвэл, мэдээж хэрэг би оролцох шаардлагатай болдог.
Танд бүх зүйлээ орхиод ажилдаа явмааргүй санагдаж байсан үе байгаа юу?
Эхний нэг билүү хоёр дахь ажилд тэгж санагдаж байсан.Би тухайн үед амьдарч байсан шигээ дахиж хэзээ ч амьдрахгүй гэж би шийдсэн юм. Магадгүй хүн бүрийн амьдралд өөрийн амьдралаа өөрчлөх шийдвэр гаргах үе байдаг байх. Буруу газраа байгаа мэт мэдрэмж төрөх үе байдаг. Үнэн хэрэгтээ энэ нь ашиглах ёстой хөгжлийн төлөөх түлхэц юм. Гэхдээ харамсалтай нь ихэнх хүмүүс энэ боломжийг ашигладаггүй, сөрөг бодолтой хэвээрээ үлдэж, юу ч хийдэггүй.
Магадгүй эдгээр хүмүүс өөрчлөлтөөс айдаг байх.
Айх хэрэг юу байх вэ дээ? Илүү аймшигтай нь хүмүүсийн гацаж орхидог тэр намаг.
Би олон жилийн өмнө өөртөө ажилдаа аз жаргалтайгаар явдаг тийм ажил олно гэж амласан юм, харин явмааргүй санагдах үедээ ажлаасаа гарна. Орифлэймд ажилласан 22 жилийн хугацаанд надад нэг ч удаа тийм зүйл тохиолдоогүй. Заримдаа би ядардаг нь үнэн, тэр үедээ би завсарлага авч амардаг. Өөрийгөө болон өөрийн биеэ сонсох нь л чухал.
Манай нийгэмд өөрийгөө сонсох нь бага. Бид бусдын юу ярьж байгаад илүү анхаарч, тэгэх ёстой гэсэн бодлоор үйлдлээ хийж, эсвэл биднээс хүлээж буй зүйлийг хийх нь олонтаа. Таны хувьд өөрийгөө хэрхэн сонсдог болсон бэ?
Аливаа зүйлд амжилт гаргахыг эрмэлзэж буй хүн бүр өөрийн хөгжилд зориулж ямар нэгэн зүйлийг хийдэг ба тодорхой нэг үе шат дээр өөрийн үнэ цэнэ, үзэл баримтлалыг дагадаг болдог. Мөн өөртөө итгэх итгэлийг ч бас хөгжүүлэх хэрэгтэй, харин үүний тулд өмнөө зорилго тавин түүндээ хүрэх хэрэгтэй. Өөрийгөө үргэлж сорьж байх хэрэгтэй – жишээ нь, би нэг удаа сэлж сурахыг хүссэн юм. Дасгалжуулагч олоод, долоо хоногт гурван удаа өглөөгүүр бассейнд явж эхэлсэн. Одоо би маш сайн сэлдэг. Би үүнийг хийж чаддаггүй байсан ч, сурна гэж шийдээд л сурсан. Энэ нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өгч байгаа юм! Тайзан дээр гарч чаддаггүй юу? Хүмүүсийн өмнө гарч болох бүх боломжуудыг ашигла. Ихэнх хүмүүс чаддаггүй зүйлсээсээ зайлсхийхийг хичээдэг. Энэ нь өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг нэмнэ гэж бодож байна уу? Мэдээж үгүй.
Харин та одоо өөрийгөө ямар нэг байдлаар сорьж байгаа юу?
Миний өөртөө тавьсан сорил – шинэ албан тушаал. Би энэ газраа дасан зохицох хэрэгтэй. Багахан хугацааны дараа би бүх ажлаа маш сайн хийдэг болоод ирнэ, харин түүний дараа би уйдаж эхэлдэг тэгээд л ахин шинэ сорилыг өөртөө тавьдаг.