Та хэдэн жилийн өмнө веган бүтээгдэхүүн үйлдвэрлэх шийдвэр гаргасан. Танд энэ санаа яагаад төрсөн бэ? Веган гэдэг нь цагаан хоолтноос ямар ялгаатай вэ?
Веган - энэ бол цагаан хоолны урсгалаас төрсөн ч арай сүүлийн үеийн чиг хандлага юм. Цагаан хоолтнууд бүх төрлийн мах, загаас, тахианы махнаас татгалздаг бол веганчууд бүр ч цаашилсан билээ. Тэдний зорилго бол амьтны гаралтай бүх хүнснээс татгалзаж (үүнд сүүн бүтээгдэхүүн, өндөг, зөгийн бал хүртэл орно) байгаль дэлхий болон амьтдыг хамгаалах юм. Дөрвөн жилийн өмнө ОХУ-ын зах зээл дээр ердийн сүүн бүтээгдэхүүнтэй ижил төстэй амттай веган сүү эсвэл бяслаг байдаггүй байсан. Бид тэр үед л ийм бүтээгдэхүүн зайлшгүй хэрэгтэйг ойлгосон. Эхлээд би буурцгийн ба самрын сүү үйлдвэрлэж эхэлсэн.
Мөн сүү агуулаагүй бяслагийн жорыг боловсруулсан. VolkoMolko нь ОХУ-д веган бяслаг үйлдвэрлэсэн анхны компани гэдгийг би бахархалтайгаар хэлж чадна.
Дөрвөн жилийн дотор бид анхны веган бяслагийн жор дээр нэмээд 6 төрлийн бяслагийн жор боловсруулсан. Өнөөдөр манайд 6 төрлийн бяслаг, 4 төрлийн сүү, жигнэмэг ба буурцгийн өтгөрүүлсэн сүү байдаг. Бүх бүтээгдэхүүн амьтны гаралтай нэг ч орц, сүү, өндөг, зөгийн бал агуулаагүй. Бид хүнсний дэлгүүр болон кафенуудтай хамтран ажилладаг. Эдгээр дэлгүүрүүд нь ОХУ-ын томоохон хотуудад салбаруудтай. Мөн бүтээгдэхүүнийхээ тодорхой нэг хэсгийг бид Москва хот дотор интернэт дэлгүүрээр борлуулдаг.
Эхний үед та ямар хүндрэлтэй учирсан бэ?
Үйлдвэрийн байр хайх, үйл ажиллагаагаа эхлүүлэх, мөнгөний гачигдал, хүн хүч, туршлагын хомстол...Эхний ээлжид бүхнийг бид өөрсдөө хийсэн. Миний бодлоор энэ нь бизнесийн амжилтын нэг нууц юм. Учир нь бид хийж байгаа зүйлдээ итгэдэг, мөн чин сэтгэлээсээ дуртай тул бүхнийг аль болох хамгийн чанартай, сайнаар хийхийг хичээсэн. Бизнес үүсгэн байгуулах туршлага байхгүй бол алхам бүр нэг төрлийн тэмцэл, сургамж болдог. Бид маш азтай, учир нь бизнесээ босгох үйл явцад хажууд маань дэмжлэг үзүүлсэн маш олон сайн хүмүүс байсан.
Интернэт-дэлгүүр нээхэд үнэ төлбөргүй сайт ашигласан нь дээр үү эсвэл өөрийн гэсэн сайттай болсон нь дээр үү? Юунд илүү их анхаарал хандуулах хэрэгтэй вэ? Хостингоо яаж сонгох вэ?
Бидэнд интернэт-дэлгүүр үүсгэх туршлага байгаагүй. Бид өөрсдийнхөө хувьд энгийн хирнээ зардал багатай аргыг сонгож өөрсдийн вебсайтаа бүтээж болох платформ сонгосон. Энэ нь маш эвтэйхэн хирнээ түргэн байсан. Хостингоо бид ОХУ-ын хамгийн том компаниас сонгож авсан ба энэ ч бас хамгийн энгийн, боломжийн үнэтэй сонголт байсан.
Олон нийтийн сүлжээний талаар ярина уу. Та хуудсаа өөрөө хөтөлдөг үү эсвэл smm-менежерээр хөтлүүлдэг үү? Таны бодлоор олон нийтийн сүлжээ ямар ач тустай вэ?
Анхнаасаа хамгийн хүчирхэг орон зай бол “Вконтакте” олон нийтийн сүлжээ байсан. Яг энд бүтээгдэхүүний тайлбартай групп үүсгээд тэндээсээ хэрэглэгчдэд борлуулж болох байсан. Бид өөрсдийн чадлаараа үүнийг хийсэн. Харин 1 жилийн дараа бид сошиал медиа менежер ажиллуулах боломжтой болсон. Манай багт туршлагатай мэргэжилтэн ирснээр бид фэйсбүүк болон инстаграмаар бүтээгдэхүүнээ сурталчилж эхэлсэн.
Худалдан авагчид маань маш олон төрлийн хүмүүсээс бүрддэг. Гэхдээ тэд бүгд олон нийтийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчид. Тэгэхээр олон нийтийн сүлжээ бүрд идэвхтэй хэрэглэгч байдаг байх нь. Жишээлбэл, харшилтай эсвэл орон нутагт амьдардаг веган хүмүүс бидэнтэй Вконтакте сүлжээгээр дамжуулан харьцдаг. Харин Москвад амьдардаг, эрүүл зөв амьдралын хэв маяг мөрддөг хүмүүс бидэнтэй фейсбүүк эсвэл инстаграмаар холбоо барьдаг. Мөн бид YouTube сувагтай ба сувгаараа компанийн тухай мэдээлэл, дүрс бичлэг, мөн өөрсдийн бүтээгдэхүүнээр хийж болох эрүүл хоолны жор танилцуулдаг.
Таны Инстаграмын зургууд үнэхээр гоё юм. Тэднийг та өөрөө хийдэг үү эсвэл мэргэжлийн зурагчнаар авахуулдаг уу?
Бүх зургуудыг маань мэргэжлийн зурагчид авдаг. Бид бүтээгдэхүүнүүддээ өөрсдөө маш их дуртай тул тэднийгээ бусдад ч бас аль болох хамгийн сайхнаар хүргэх хүсэлтэй байдаг. Тиймээс зургуудаа мэргэжлийн хүмүүсээр авахуулахыг хичээдэг ба үр дүнд нь тэд үнэхээр гоёмсог, бас амттай харагддаг. Түүнээс гадна бид хэрэглэгчдийнхээ зургуудыг, санал бодол болон жоруудыг бусадтай хуваалцахдаа баяртай байдаг.
Хувиараа бизнес эрхлэхэд юу хамгийн их урам хайрладаг вэ?
Миний бодлоор үүнийг хүүхэд төрүүлэх эсвэл хүмүүжүүлэхтэй харьцуулж болно. Чи өдөр бүр компанийнхаа дэргэд нь бус харин дотор нь байдаг, өөрөөр хэлбэр өөрийн бүтээлийнхээ дотор нь оршдог гэсэн үг. “VolkoMolko”-г үүсгэн байгуулсны дараа бид нэгэн чухал зүйлийг ойлгосон: компани зөвхөн та өөрөө хөгжсөн цагт л хөгждөг. Та хэр их хүчин чармайлт гаргаж бизнестээ хөрөнгө оруулна тэр зэргээр тэр танд өгөөжөө өгнө. Өгөх ба авах үйл явц маш их эрч хүчээр цэнэглэдэг. Манай компани “Байгаль дэлхийгээ, өөрийгөө хайрлаж бүтээв” уриатай. Үүнийг бид сэтгэл зүрхээрээ мэдэрдэг, үүнийг бусадтай хуваалцдаг ба энэ нь бидэнд урам хайрладаг.