ДОТООД ШҮҮМЖЛЭГЧ
Та эрч хүч дүүрэн ажилдаа ортол, гэнэт толгойд тань: “Юу ч бүтэхгүй, эхлэх ч хэрэг байхгүй. Ер нь энэ хэнд хэрэгтэй гэж – дэмий л цаг алдахаас цаашгүй”. – гэсэн бодол орж ирдэг үү. Тиймээ, энэ бол таныг дарагч гол дуу хоолой – таны дотоод шүүмжлэгч. Үнэн хэрэгтээ түүний гол үүрэг нь – таныг хамгаалах явдал юм. Тэрээр таны ажлын чанар, нэр хүнд ба үр бүтээмжид санаа тавьж, элдэв алдаа болон сөрөг туршлагаас хамгаалахыг хичээж байгаа юм. Харин энэ ажлаа харгис, доош нь дарсан байдлаар л хийгээд байгаа нь танд амьдрахад садаа болоод байгаа юм.
Хэрхэн байх вэ?
Эхний ээлжинд дараах зүйлсийг мэддэг байх нь чухал: өөрийн дутагдлаа шүүмжлэхээ болино гэдэг, цаашид хөгжихөө болино гэсэн үг биш юм. Харин ч та бага стрессдэх болно, учир нь өөрийгөө байнга шүүмжилнэ гэдэг нь стресст л хөтөлнө шүү дээ. Мэдээж хэрэг, тунг нь тааруулбал түүнээс авах ч юм бий. Тиймээс алтан дунджийг мэдэрч, таныг дарангуйлж буй дотоод дуу хоолойгоо таныг дэмждэг ойлгодог дуу хоолой болгох хэрэгтэй. Өөртөө хандах хандлагаа зөөлрүүлж, хамгийн сайн найзтайгаа адил өөртэйгөө ярилцаж байгаарай. Огт юм хийдэггүй хүн л алддаггүйг санаарай.
ӨӨРИЙГӨӨ СӨНӨӨХ
Өөрийн эрүүл ухаан, хувийн сонирхлынхоо эсрэг зүйл хийхэд хүрч байсан уу? Маш чухал уулзалтын өмнөх орой үдэшлэг дээр цагаа өнгөрөөх, сонирхолтой өдөрлөгт оролцох бүртгэлээ эцсийн мөчид хойшлуулан, ирээдүйгүй ажил дээр эсвэл хор нөлөөтэй харилцаандаа үлдсээр байх – энэ бүгд өөрийгөө сөнөөх хэлбэрүүдийн жишээнүүд. Та аливаа зүйлд шалтаг олж, хойш тавьж, хийхийг “мартаж”, эцсийн дүндээ амьдралаа өөрчилж болох байсан гайхалтай боломжуудыг ашиглаж чаддаггүй. Энэ “сүйтгэгчийн” ард хамгийн эхний эгнээнд айдас зогсож байдаг: жишээ нь, та шинэ ба энгийнээс онцгой зүйл хийхээс айдаг. Эсвэл та амжилтаас айдаг. Тиймээ, ийм зүйл ч бас бий. Магадгүй, хүмүүс танд атаархаасай гэж хүсдэггүй байх, эсвэл амжилттай байснаар таны хүсээгүй их үүрэг хариуцлага ноогдоно гэж боддог байх.
Хэрхэн байх вэ?
Илүү аз жаргалтай болж болох боломжоо хэрхэн, юунаас болоод, яагаад алдаад байдгаа тодруулах хэрэгтэй. Дараа нь тодорхой нөхцөл байдал болгонд эрүүл ухаанаараа үнэлж, өөрт ашигтай байдлаар үйлдлээ хийх хэрэгтэй. Жишээ нь, та аливаа зүйлийг хойш тавьдаг хэмээн анзаарчээ: хийх ажлаа жагсаан бичээд, хэсгүүдэд хуваан, хийж эхлээрэй. Хийсэн зүйлсээ дарж зурах нь хэчнээн таатай гээч, дараагийн ажлаа үргэлжлүүлэх урам өгдөг юм!
ХЯЗГААРЛАГДМАЛ ҮЗЭЛ БОДОЛ
“Хүнд хөдөлмөр л амжилтанд хүргэнэ”, “Надад сонголт байхгүй”, “Бизнес нь маш эрсдэлтэй”, “Би юунд ч нөлөөлж чадахгүй, үүнтэй огт орооцолдоогүй байсан нь дээр”. Энэ бүх хэллэгийг юу нэгтгэдгийг мэдэх үү? Энэ бүх хязгаарлагдмал үзлээс үйл хөдлөл, орчноо хүлээн авах байдал шалтгаалдаг. Энэ бүгд хаанаас ч юм зүгээр л бий болдоггүй – эдгээр бодлууд нь ихэнхдээ эцэг эх, дотны хүмүүсээс үүдэлтэй байдаг бол зарим нь хувийн туршлагаас хамаарна. Ийм үзэл бодлууд амьдралд маш их нөлөөлдөг – бид томоор мөрөөдөх боломжоо өөрсдөө хааж, хүссэн зүйлсээ хийхийг оролддоггүй.
Хэрхэн байх вэ?
Тэмдэглэл хийгээрэй: таны амьдралд огт хэрэг болдоггүй үзэл бодлоо бичээрэй. Харин дараа нь өөрөөсөө асуугаарай: “Энэ бүх зүйл худал бол яах вэ?” Төрж буй үзэл бодлоо өөрчлөхийг хичээж, ертөнцийг үзэх үзлээ өөрчилснөөр ирээдүйн амьдрал тань хэрхэн өөрчлөгдөж болохыг төсөөлөөрэй.
ХУВИЙН ХАНГАЛТГҮЙ ҮНЭЛЭМЖ
Та маш түргэн бууж өгч, шинэ ба онцгой зүйлс хийхэд зориг хүрэхгүй байна уу? Эсвэл та өөрийгөө бусдаас илүүд үзэж, бусдад мундаг гэдгээ байнга батлахыг хичээдэг үү? Аль аль нь бодит бус үнэлэмжүүд юм. Өөрөөр хэлбэл, өөрийн боломж ба хязгаараа, давуу ба сул талуудаа бүрэн ойлгоогүй гэсэн үг. Шалтгаан нь, бидэнд хүүхэд наснаас эхлэн хүрээлж буй орчин маань эерэг ба сөрөг тодорхойлолтуудыг зүүчихдэг (“чи залхуу”, “чиний гар далий”, “гоц ухаантан”, “тэсвэрлэшгүй зан ааштай”). Тиймээс ч бид чухам ямар гэдгээ ойлгоход бэрх болдог.
Хэрхэн байх вэ?
Өөртөө илүү дотно танилцах! Шинэ зүйлийг туршин, туршлага хуримтлуулж, өөрийн давуу талууд болон юунд гарамгай байж чадахаа тодорхойлоорой. Үүнийгээ мэдсэнийхээ үндсэн дээр ямар зорилт тавих, түүндээ хэрхэн хүрэхээ ойлгох болно.