Оксана нэг жилээс бага хугацааны дотор Москва хотод CODDY сургуулиа нээж Санкт-Петербург, Самара, Казань ба Ростов-на-Дону хотуудад түншүүдтэй болж чаджээ. Москва хотын салбаруудад 250 хүүхэд суралцдаг. Уг сургууль нь үндсэн 3 чиглэлтэй. Programming – код бичихтэй холбоотой бүх сэдэв (сайт, туслах хэрэгсэл ба тоглоом боловсруулах). Creative & Art – зураглаач програмын тусламжтай загвар гаргаж дүрс бичлэг боловсруулах. Хөгжил - загварчилсан сэтгэлгээ, цээжлэх, илтгэх ур чадвар, санхүүгийн боловсрол, тоглоом. Энэ бүхэн дээр нэмээд цахим ертөнцийн аюулгүй байдал ба онлайн хичээлүүд байдаг. Нийтдээ 50 хичээлтэй. Окана ба Coddy сургуулийн тухай бизнес хэвлэлүүд, Buro24/7, Marie Claire зэрэг алдарт сэтгүүлүүд бичиж байжээ.
ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ БА ӨӨРИЙГӨӨ БРЭНД БОЛГОХ
«Бид бүх олон нийтийн сүлжээг туршиж үзсэний үр дүнд LinkedIn-г сонгосон. Энд яг бидний хүсэж буй хэрэглэгчид төвлөрсөн байдаг. Миний эхний тойрогт 29 961 хүн байгаа. Энэ бол туршлага, боловсрол, сонирхол, гэр бүлийн түвшний хүмүүс. Энэ л хүмүүс яаж хүрэхээ мэдэхгүй байгаа тэр зүйлд хүрэхэд маань тусалдаг. Нэг танил маань надаас сансраас мэндчилгээ дамжуулах сансрын нисэгчийн мэдээллийг олж өгөөч гэж гуйж байсан. Би гайхширч “Тийм зүйл ер нь байдаг юм уу?” гэж асууж билээ. Танил маань: “Бидэнд тийм санаа байгаа юм, чи тусалж чадах уу?” гэж асуусан. Би оролдоод үзье гэж хариулсан».
Оксана LinkedIn дээр нийтлэл бичжээ. Хоёр цагийн дараа түүнд “Роскосмос”-н утасны дугаар, сансарт байгаа нисэгчийн эхнэрийн утас, мөн саяхан нислэгээс ирсэн нисэгчийн утасны мэдээлэл ирсэн байна. Танил нь нисэгчтэй холбогдсон ба сансрын нисэгч ямар ч үнэ төлбөргүй мэндчилгээ явуулсан ба түүнд санал болгосон мөнгийг хүүхдийн асрамжийн газарт хандивлахыг хүсчээ.
«Энэ бол зүгээр нэг санаанаас төрсөн бодит баймааргүй түүх юм. LinkedIn-ий ид шид үүнд байгаа юм. Coddy сургууль ч бас ингэж эхэлж байсан. 2015 оны 12-р сард бид төслөө боловсруулж эхэлсэн. Би хувийн хуудаснаа энэ төслийг сонирхох танил байвал надтай холбогдох хүсэл тавьсан. Одоо бидний байгаа энэ газар буюу Actis Wunderman миний нийтлэлд хариулж билээ. Харин өнөөдөр бид энд уг агентлагийн бидэнд зориулж худалдан авсан компьютер дээр ажиллаж байна. IBS, “KROK”, Glowbyte, “Касперскийн Лаборатор”, Avito, Deloitte ба бусад олон компани бидэнтэй адил аргаар үүсэж байжээ. Энэ бол чөлөөт үзэл бодолтой, хүнд сурталгүй, эрч хүчтэй хүмүүс юм. Тэд зөвхөн энэрэнгүй сэтгэлтэй байгаад зогсохгүй, зөв сэтгэлгээ, ертөнцийг харах зөв үзэл бодолтой, яг л Цахиурт хөндийд байдагтай адил. Та ч бас туршиж үзэхийг хүсэж байна уу? Хамтдаа оролдоод үзье! Алдаа гарвал засаж болно. Амьдралд ч бас ингэж хандах хэрэгтэй.
Oriflame компанийн тухай ярьвал, та нарын хувьд хүн болгон – брэнд юм. Тиймээс маш зөв нэр хүнд үүсгэх хэрэгтэй. Тухайн хүний масс-д оруулах зүйл брэндийнх нь ба өөрийнх нь нэг хэсэг байна. Би танай нэг арга хэмжээнд оролцож байсан. Эхлээд надад жаахан сонин санагдаж байсан ч, арга хэмжээний төгсгөлд би тайзны хажууд зогсчихсон, алгаа ташаад, үсрээд “Ори-флэйм! Ори-флэйм!” гэж хашгирч байсан. Энэ бол эрч хүч! Энэ бол миний хажууд байсан хүмүүсийн цог хийморь, эрч хүч гэдэгт би итгэлтэй байна! Чин сэтгэлийн, ил тод дотоод хүч. Энэ бол бүх Лидерүүдэд хэрэгтэй зүйл».
МИЛЛЕНИАЛУУД БА ТЕХНОЛОГИЙН АЧ ХОЛБОГДОЛ
«Бид багадаа гадаа тоглодог, бүтэн сайн өдрийн киног хүлээдэг байсан гээд хэн ч, юу гэж ч ярьж болно: энэ бол бодит үнэн байна – бүх зүйл өөрчлөгддөг. Өнөөдөр бид гар утаснаасаа бүх үйлдлийг хийдэг болно гэж 10 жилийн өмнө төсөөлж ч байгаагүй. Технологи ч бас үүнтэй адил. Хүүхэд айх ёсгүй. Тэр програмчлал, дизайн үүсгэх эсвэл бусад техникийн шинжлэх ухаанд суралцаж эхэлнэ гэдэг нь бие даан амьдрахад, их сургуульд ороход илүү бэлтгэлтэй болно гэсэн үг юм. Ийм сургалтад хамрагдсан хүүхэд үеийнхнээсээ түрүүлдэг.
Хүн бүр програмист болох ёстой гэж би хэлэхгүй. Бидний зорилго бол хүүхдийн логик, системчилсэн сэтгэлгээ, ой ухааныг хөгжүүлэх, логик холбоосыг үүсгэж анализ хийхэд суралцуулах юм. Хялбарчилбал “ухаантай” хүн болгох гэсэн үг. Эцэг эх бүр хүүхдээ ирээдүйд амжилттай байгаасай гэж хүсдэг. Манай сурагчдын аав ээжүүд ч бас адил бодолтой. Тэд бол том компаниудад ажилладаг, технологийн хамгийн сүүлийн үеийн хэрэгслүүдийг хэрэглэдэг “цагаан захтанууд”. Бид хүүхдүүдэд шинэ зүйл туршиж үзэх боломжийг олгох, харин аав ээжүүдэд хүүхдийнхээ сонирхдог зүйлийг олох боломжийг олгохыг хүсэж байна. Зорилгоо маш сайн тодорхойлж, хэрэгслүүдээ мэдэж байгаа цагт хүүхдүүдээ биднээс илүү сайхан амьдрахад нь бэлдэж болно.
Хүүхдүүд хэрхэн хөгжиж байгааг хармагцаа бид тэднийг шинэ түвшинд гаргах хэрэгтэйг ойлгосон. Хичээллэж эхэлснээс хойш 4-5 сарын дараа хүүхдүүд өөрсдөө мөнгө олж эхэлсэн. Долоо хоногт ойролцоогоор 160.000 – 470.000 төгрөгийн орлоготой болсон. Тэдний амьдралыг ойлгох ойлголт нь өөрчлөгдөж, бүтээгдэхүүн бүрийн ард хүн байдгийг ойлгож хувийн бяцхан бизнестэй болсон. Жишээ нь, нэг охин хүүхэлдэй оёж олон нийтийн сүлжээгээр борлуулдаг бол өөр нэг хүү хүүхдүүдэд скэйтбордоор гулгах хичээл зааж ганцаарчилсан хичээлээсээ төлбөр авдаг».
МАНЛАЙЛАГЧ ГЭЖ ХЭН БЭ, МАНЛАЙЛАГЧ БОЛЖ БОЛОХ УУ?
10 см урттай хайчилсан цаас төсөөлөөд үзье. 70% нь амьдралын туршлага. Өөрийгөө бүрэн таньж ойлгоогүй нэг ч манлайлагч би хараагүй. Тэд бүгд нээлттэй хүмүүс байдаг. Яагаад гээч? Яагаад гэвэл тэд өөрсдийгөө хэдийнэ ойлгож чадсан. Тэд хүмүүсийг таньж чаддаг. Тэдэнд хаанаас авах уу гэсэн бодол байхгүй, тэд яаж өгөх үү гэж боддог, өөрөөр хэлбэл хүмүүс хооронд харилцан үйлчлэл үүсгэхийг хүсдэг. Үлдсэн 30% - энэ бол ажлын туршлага, хөдөлмөрч зан чанар, суралцах хүсэл эрмэлзэл ба золиос зэрэг үндсэн зүйлс юм. Золиос гаргаж байгаагүй нэг ч кэйс би хараагүй. Золиос гэдэг нь цаг зав, эрүүл мэнд (ид шид байдаггүй шүү дээ) юм. Өглөө 5 цагт сэрээд, ойд гүйгээд, өглөөний цайгаа уугаад, 9 цагт ажилдаа яваад, орой 10 цагт орондоо ордог, хүүхдүүд тань онц сурдаг, нөхөр тань бүх талаар ойлгож дэмждэг байвал үнэхээр сайхан байна. Харамсалтай нь бодит амьдрал дээр ийм зүйл байдаггүй билээ.
Таны эрч хүч бусад хүмүүст ойлгомжтой байх ёстой. Хүнтэй нүд рүү нь харж ярих, сонсох, яриаг нь таслахгүй байх чадвар маш чухал. Миний одоо ажиллаж байгаа “Сбербанк”-ны нэгэн ахлах-менежер надад: “Оксана, чи үргэлж хүний яриа тасалж ерөөсөө сонсож чадахгүй юм. Намайг уучлаарай, чамайг гомдоох гэж хэлсэнгүй. Гэхдээ миний бодлоор чи үүн дээр анхаарч өөрийгөө өөрчлөх хэрэгтэй байх” гэж хэлж байж билээ. Эхлээд би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан ч яваандаа бодож эхэлсэн. Нээрээ л тэр хүний зөв юм шиг байна. Энэ байдлыг яаж өөрчлөх вэ? Хүний яриаг таслахгүй сонсох хэцүү байдаг. Хэрвээ тэвчээртэй үргэлжлүүлэн сонсвол та хэрэгтэй мэдээллээ авах болно. Нэгдүгээрт, хэрвээ та яриаг нь тасалсан бол тэр мэдээллийг хэзээ ч олж авч чадахгүй байх байсан. Хоёрдугаарт, бүх зүйл маш зөв өрнөдөг. Та тухайн хүнд түр зуур завсарлаж бодох боломжийг олгоно. Тэр өөрийг нь сонсож байгааг мэдэрч бүр ч нээлттэй ярьж эхэлнэ. Гуравдугаарт, хүн ярих тусам танд шинэ төслийн санаа, шинэ бодол төрөх болно. Тэгэхээр та хоёрын дунд харилцан үйлчлэл үүсэж байна гэсэн үг. Бага зэрэг тэвчээр гаргаад энэ дадалд суралцаж болно. Амьдрал сайн ба муу дадал зуршлаас бүрддэг. Өөртөө хэр олон сайн дадал бий болгож чадна тэр зэргээр таны амжилт нэмэгдэнэ. Өдөрт хагас цаг ухаантай хүмүүстэй харилцаж байгаарай. Энэ дадал суумагц дараагийнх руу шилжээрэй. Ингэснээр та үргэлж эрэлттэй байж, ямар ч саад бэрхшээл таныг зөв замаас гаргаж чадахгүй».
ХЭЛЭЛЦЭЭР: ЭЗЭМШИЖ АВАХ УУ ЭСВЭЛ ХӨДӨЛМӨРЛӨЖ ОЛОХ УУ?
Миний бодлоор энэ бол туршлага ба өөртөө итгэх итгэл. “Хэзээ ч битгий ганцаараа хоол идэж бай” нэртэй маш хэрэгтэй ном байдаг. Энэ номыг 40-р хуудаснаас эхлээд уншихыг би зөвлөж байна (инээв). Утгыг нь хэлбэл, хэрвээ та хэн нэгэн таны төлөө ямар нэгэн зүйл хийгээсэй гэж хүсэж байвал тэр хүн юу хүсэж байгааг олж мэдээрэй. Энэ бол бусдыг ойлгохын үндэс суурь юм. Эхлээд компанийн потенциал хэрэгцээ ба зорилго, үүргийг ойлгоод, дараа нь өөрийнхөө бизнес эсвэл төслөөрөө дамжуулан түүнд хэрхэн тусалж болох тухай бодоорой. 2 цаг үргэлжилсэн уулзалт хийж болох ч, 30 минутаас 1 цаг хүртэлх хугацаа хамгийн тохиромжтой байдаг. Энэ туршлагаа би JWT агентлагийн MasterCard төсөл дээр хэрэглэсэн. Миний үүрэг хагас жилийн дотор 450 түнш олох байсан (дандаа тансаг брэндүүд) ба би төлөвлөгөөгөө 200% биелүүлсэн.
Хэлэлцээрийн хугацааны 90%-д нь та өөрөөсөө өөр зүйлийн тухай ярьдаг. Амьдрал, зорилго, өрсөлдөгч, тэдэнд болж байгаа зүйлсийн тухай. Харин эцэст нь: “Өө нээрээ танд туслах охины утас хэрэгтэй байсан штээ. Утас нь энэ байна, тэр бүгдийг бэлдээд өгнө” гэж хэлэхийг сонсдог.
Бизнесийн ертөнц ч бас албан бус ертөнцтэй адил зүйлсэд суурилдаг. Бизнес бол хүмүүс. Харилцаа холбоо үүсгэж, хүндэлж, сонирхол татаж чаддаг хүмүүс дэлхийг байлдан дагуулдаг. Миний мэддэг бүх удирдагчид бүгд маш сайн харилцагчид байдаг. Тэдэнтэй ярих, хажууд байхад нь хүртэл таатай байдаг».