БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ГОО ҮЗЭСГЭЛЭНГИЙН 10 НУУЦ

Гоо сайхан ба загварын ертөнцөд дурлахын зэрэгцээ байгаль дэлхийгээ хамгаалахын тулд заавал амьдралын хэв маягаа огцом өөрчлөх шаардлагагүй. Бид чамд зориулж байгальд ээлтэй байдлаар гоо үзэсгэлэнгээ хадгалах 10 нууцыг нээе!

1. УСАА ХААГААРАЙ
Хэрэглээгүй үедээ усаа заавал хааж байгаарай. Жишээ нь, шүдээ угаах 2 минутад. Энэ бол усаа хэмнэх хамгийн хялбар арга юм. 

2. ОЛОН УДАА ХЭРЭГЛЭХЭД ТОХИРОМЖТОЙ УСНЫ САВ ХЭРЭГЛЭЭРЭЙ
Ахуйн хуванцар бол хүрээлэн буй орчин болон далайн тэнгисийн бохирдлын хамгийн том эх үүсвэр юм. Дэлхий дээр секунд тутам хэрэглэгддэг хэдэн мянган усны савны ердөө л 20% нь ахин боловсруулагддаг. Харин нэг ширхэг хагас литрийн хуванцар сав хийхэд 5 гаруй литр ус ашигладаг! Тиймээс боломжоороо олон удаа хэрэглэх боломжтой усны сав хэрэглэж заншаарай. 

3. НОЙТОН ЦААСАА БҮҮ ХАЯАРАЙ
Статистик мэдээллээс харвал дэлхий даяарх наран шарлагын газрын километр тутамд хамгийн багадаа 35 ширхэг нойтон цаас буюу салфетк хаясан байдаг ба энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Жишээ нь, хэрвээ чи нүүрний будгаа нойтон цаасаар арилгадаг бол хаа таарсан газраа хаях биш хогийн саванд хаяж байгаарай!

4. САВЛАГААГ ХАРААРАЙ
Байгалийн гаралтай ба органик бүтээгдэхүүний олон төрлийг ойлгоход бэрх ч, үүнд тусгайлан зориулж үйлдвэрлэлийн стандарт болон сертификатууд байдаг. Хэрвээ чи Ecocert сертификаттай бүтээгдэхүүн авсан бол тус бүтээгдэхүүний хамгийн багадаа 95% нь байгалийн гаралтай орц агуулсан, мөн сав баглаа нь тогтвортой хөгжлийн зарчмаар үйлдвэрлэгдэж ахин боловсруулагдах боломжтой гэсэн үг юм. Ecocert сертификаттай бүх бүтээгдэхүүн тус сертификатын логог агуулдаг.

5. БИЧИЛ ШИРХЭГТЭЙ НУНТГААС ЗАЙЛСХИЙГЭЭРЭЙ 
Бичил ширхэгтэй нунтаг – энэ бол зарим нэгэн гуужуулагч бүтээгдэхүүнд агуулагддаг хуванцрын бичил ширхгүүд юм. Шүршүүрийн шингэн саван-гуужуулагчид тус бүтээгдэхүүний савыг хийхэд шаардагдах хэмжээний хуванцар, гуужуулагч бичил ширхэг маягаар агуулагдаж болдог. Тиймээс орц найрлагыг сайтар уншиж зөвхөн байгалийн гаралтай орц найрлагатай гуужуулагч хэрэглээрэй. 

6. ХУВЦСАА ЗӨВ АРЧЛААРАЙ
Зарим хувцсыг өмсөх бүрдээ угаах шаардлага байдаггүй. Жишээ нь жинсэн өмд: үйлдвэрлэгчид жинсэн өмдийг 5-6 удаа өмссөний дараа угаахыг зөвлөдөг – ингэснээр өмд хэлбэрээ алдахгүй юм. Мөн эрчим хүчний хэрэглээ болон нүүрс хүчлийн ялгаралтыг багасгах шилдэг арга бол хувцсыг 60 хэмд бус харин 30 хэмд, «хатаах» горимыг сонголтгүй угаах юм.

7. АХИН БОЛОВСРУУЛАГДАХЫГ БҮҮ МАРТ!
Чиний хэрэглэж буй бүх гоо сайхны бүтээгдэхүүний савлагаа, мөн нойтон цаас, ариун цэврийн цаасны доторх ороомог болон цаасан хайрцгийг ахин боловсруулж болдгийг бүү мартаарай!

 

8. ДАВАА ГАРАГТ МАЦАГ БАРИАРАЙ
Махнаас татгалзсанаар чи байгаль дэлхийд маш их ач тус хүргэнэ! Яагаад гэвэл 500 грамм үхрийн мах үйлдвэрлэхийн тулд 9 500 литр ус шаардагддаг. Бид чамайг цагаан хоолтон бол гэж хэлэхгүй байгаа ч нэг өдөр мах идэхгүй байснаар чи байгаль дэлхийд мэдэгдэхүйц эерэг үр нөлөө үзүүлнэ!

9. FAIRTRADE СЕРТИФИКАТТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН АВААРАЙ
Fairtradе (Шударга худалдаа) бол хөгжиж буй орны үйлдвэрлэгчдэд болон тэдний нийгэмд тогтвортой хөгжихөд нь хувь нэмэр оруулах худалдааны шударга нөхцөл боломж юм. Fairtradе сертификатаар баталгаажсан бүтээгдэхүүнийг худалдаж авах нь үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүндээ шударга үнэ тогтоож, ажлын аятай нөхцлийг бий болгох боломжийг олгодог. Энэхүү логог агуулсан бүтээгдэхүүн сонгоорой!

10. ХЭРЭГЛЭХГҮЙ ЗҮЙЛЭЭ ХУВААЛЦААРАЙ
Судалгаанаас харвал бид шүүгээндээ байгаа хувцасныхаа 30%-г огт өмсдөггүй байна. Тэднийг хаях хэрэггүй! Сайн үйлсийн байгууллагуудад хэрэглэхгүй эд зүйлсээ өгөөрэй – чамд хэрэггүй зүйл хэн нэгний амьдралыг сайжруулаад зогсохгүй бүр аварч ч болно!






Зурвас: Зураг: Getty images