Уруулын хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлж харагдуулах 5 арга

Бумбагар амтлаг уруул – энэ улирлын нүүр будалтын хамгийн түгээмэл чиг хандлага. Хэрэв байгаль дэлхий чамд бумбагар уруул заяагаагүй бол гутрах хэрэггүй. Нүүр будалтын тусламжтайгаар энэхүү асуудлыг шийдэх арга замыг зааж өгөх болно.

ЗӨВЛӨМЖ №1. ӨНГӨӨ ЗӨВ СОНГО

Өнгө ба гэрэл уруулын харагдах байдалд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв чи уруулын хэмжээгээ нэмэгдүүлж харагдуулмаар байгаа бол бараан өнгөнөөс зайлсхийж аль болох цайвар өнгөнүүдийг сонгоорой. Энэ бол өнгөний онолын дүрэм юм: гадаргуу дээр ойх гэрэл нь аливаа нэгэн зүйлийг байгаагаас нь илүү том харагдуулж нүдийг «хуурдаг» байна. Харин бараан өнгө гэрлийг өөртөө шингээдэг тул бараан өнгийн эд зүйлс нь цайвар өнгөтэйг бодвол жижиг харагддаг байна. Энэ нь чавганы өнгөтэй дуртай уруулын будгаасаа татгалз гэсэн үг биш юм. Миний зөвлөмж бол өөрийн дуртай улаан өнгөнөөсөө арай цайвар улаан өнгийг сонгох.

ЗӨВЛӨМЖ №2: ШИДЭТ ХАРАНДАА
Уруулын хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлж харагдуулах арга бол миний нэрлэж заншсан «Шидэт харандаа» техникийг ашиглах юм. «Хул» өнгөтэй хүрээлэгч эсвэл өө дарагчаар маш нарийхан зураас гаргаад эсвэл дээд уруулын зааг дээр цэг тавиад түүнийгээ жижигхэн багсаар тарааж өгнө. Энэхүү арга нь уруулыг тодотгож, хэмжээг нь нэмэгдүүлж харагдуулах ба энэ аргыг хэрэглэсэн нөхцөлд уруул хүрээлэгч харандаа ч хэрэггүй юм. Гэхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй: чи саяхан аяга дүүрэн сүү уусан мэт харагдахыг хүсэхгүй байлгүй дээ.  

ЗӨВЛӨМЖ №3 ГЭРЛЭЭР НААДЪЯ
Гэрлээр наадах бас нэгэн аргыг чамд заая. Уруулын дээд ба доод гол хэсэгт гэрэлтүүлэгч эсвэл өө дарагчаас бага зэргийг түрхвэл гэрэл эдгээр хэсгээс ойж тусах ба уруулын хэмжээ томорч харагдана. 

"Гадаргуу дээр ойх гэрэл нь аливаа нэгэн зүйлийг байгаагаас нь илүү том харагдуулж нүдийг «хуурдаг» байна"

ЗӨВЛӨМЖ №4 ОМБРЭ ТЕХНИК
Хэрэв чи гялалзуулагч ба гэрэлтүүлэгч хэрэглэх дургүй бол чамд омбрэ хэв маягийн уруул тус болно. Омбрэ будалтыг хийхийн тулд чамд хоёр өнгийн уруулын будаг хэрэг болно: уруулын гадна хэсэгт түрхэх бараан өнгө ба уруулын дунд хэсгийг будах цайвар өнгө. Уруулын хүрээг бага зэрэг бараан өнгөтэй уруулын будаг эсвэл харандаагаар хүрээлээрэй – ингэхдээ өөрийн уруулын хүрээнээс нь бага зэрэг давуулан хүрээлж ч болно.. Дараагаар нь цайвар будгийг уруулын гол хэсэгт түрхээд, хоёр өнгөний заагийг уусгаж хольж сайтар тарааж өгнө. Энэхүү арга нь уруулыг дур булаам хэмжээтэй харуулах нь гарцаагүй.

 

ЗӨВЛӨМЖ №5 ӨНГӨЛӨГЧ
Уруул өнгөлөгч! Энгийн хирнээ өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн: зүгээр л дуртай уруулын будаг дээрээ өнгөлөгч түрхэхэд хангалттай. Чиний уруул гялалзаад зогсохгүй гэрлийн тусгал хэмжээг нь нэмэгдүүлж харагдуулна.







Зурвас: Зураг: Kristin Wreyford