Эрчүүдийн асуулт

Манай редактор Кирилл Куталов эрчүүдийн арьс арчилгааны талаарх хамгийн түгээмэл асуултуудыг нэгтгэлээ. Ингэснээр чи өөрийн асуудлаа шийдэх зөв алхмаа хийх боломжтой.

Би хагтай. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
Хаг – энэ бол эрчүүдийн дунд хамгийн түгээмэл байдаг асуудал. Харин зөв арчилгаа хийж хагаас хялбархан ангижрах боломжтой. Нэгдүгээрт шампунийн сонголтоо зөв хийх хэрэгтэй. Эрчүүдийн хуйх эмэгтэйчүүдийн хуйхтай харьцуулбал 50% илүү тослог байдаг тул найз бүсгүйтэйгээ ижил шампунь хэрэглэх хэрэггүй. Мөн чамд «унисекс» буюу эрчүүдэд ч, эмэгтэйчүүдэд ч тохиромжтой бүтээгдэхүүн зохихгүй. Хуйхыг маш сайн цэвэрлэхийн зэрэгцээ нүх сүвийг илүүдэл тослогоос ангижруулагч эрчүүдэд зориулсан бүтээгдэхүүн сонгоорой.

Хоёрдугаарт, үсээ хэт халуун усаар бүү угаа, учир нь халуун ус хуйхыг цочроож байдлыг дордуулдаг. Үсээ бүлээн усаар, хуйхыг үрэлгүй зөөлөн иллэгийн хөдөлгөөнөөр угаагаарай.

Миний үс шингэрч эхэлсэн. Энэ үйл явцыг би яаж зогсоох вэ?
35-аас дээш насны эрчүүдийн 40% нь үс шингэрэх асуудалтай тулгардаг гэдэг статистик мэдээлэл чиний сэтгэлийг бага ч болов тайвшруулах болов уу? Үгүй бол бид чиний асуудалд бодит шийдэл санал болгож байна. Юуны түрүүнд хагтай үстэй адил үс шингэрэх асуудалд ч мөн бүтээгдэхүүний зөв сонголт маш чухал байдаг. Нэг ч шампунь чиний үсний ургалтыг түргэсгэхгүй ч, үсийг өтгөн эрүүл харагдуулагч тусгай бүтээгдэхүүнүүд байдаг. Харин үс унах асуудлаас сэргийлэхийн тулд хэв маяг үүсгэгч бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг бид зөвлөж байна. Зөвхөн үсний сэнс хэрэглээд үсээ өтгөн харагдуулж болдог.

Миний доод зовхи хаван ба бараан хүрээтэй. Энэ асуудалтай би яаж тэмцэх вэ?
Доод зовхины бараан хүрээ заримдаа удамшлаас хамаардаг тул энэ тохиолдолд энэ асуудлын шийдэл хаана ч байхгүй. Гэвч нүд орчмын арьс бусад арьснаас илүү зөөлөн, нимгэн тул гадны сөрөг нөлөөнд өртөмтгий байдгийг мартаж болохгүй. Тиймээс энэ орчмын арьсыг түүний онцлогт зориулсан тусгай бүтээгдэхүүнээр арчлаарай. Зовхины тосноос гадна доод зовхины бараан хүрээг арилгах шилдэг арга бол өдөрт 7-8 цаг унтах юм.

Сахлын үсийг дотогш ургахаас хэрхэн сэргийлэх вэ (хүзүү ба нүүрэнд)?
Энэ асуудал бараг хүн бүрд тулгардаг ч, эрчүүдэд илүү түгээмэл үзэгддэг. Үс дотогш ургахаас сэргийлэхийн тулд тогтмол гуужуулагч хэрэглэж байгаарай. Гуужуулагч нь үсний нүх сүвийг цэвэрлэж, үхэжсэн эд эсээс ангижруулдаг тул үс ургах ёстой чиглэлдээ ургадаг. Хэрвээ чи гадна төрх болон арьс арчилгаандаа онцгой ач холбогдол өгдөг нэгэн бол арьс цэвэрлэгч төхөөрөмж чамд гайхалтай тохирно. Ялангуяа сахалтай эсвэл сахлаа ургуулж буй эрчүүд арьсаа маш сайн цэвэрлэх хэрэгтэйг анхаарна уу.

Арьс үрчлээтэхээс хэрхэн сэргийлэх вэ?
Хуурай арьс эрт хөгшрөх хандлагатай байдаг тул нүүрний арьсаа тогтмол чийгшүүлэх шаардлагатайг анхаарна уу. Харин чи тамхи татах, нарны туяанд өртөх ба элсэн чихэр хэрэглэх гэх мэт залуу арьсны эдгээр 3 дайснаас хол байхгүй л бол ямар ч тос хэрэглээд үрчлээ үүсэхээс сэргийлэх боломжгүй. Элсэн чихэр коллагеныг устгаж үрчлээ үүсгэж арьс унжихад хүргэдэггийг бүү мартаарай.

Үнэрт усыг биеийн аль хэсэгт түрхвэл зохимжтой вэ?
Олон хүмүүс үнэртнийг гарын бугуй ба чихний ард түрхэх хэрэгтэй гэсэн буруу ойлголттой байдаг. Бодит байдал дээр энэ бол эндүүрэл: биеийн тус хэсгүүдийн хэм бусад хэсгүүдээс бага зэрэг өндөр байдаг тул үнэртэн амархан шингэдэг. Тиймээс үнэртнийг эгмээс бага зэрэг доор цээж хэсэгт түрхвэл чиний арьс болон цамцны дунд үнэр нь хадгалагдахаас гадна хөдлөх бүрд цамцны захаас үнэртэх болно. Мөн ижил шалтгаанаар үнэртнийг тохойн дээд хонхорхой болон булчингийн дотор хэсэгт түрхэж болно.

Зурвас: Зураг: Getty Images, Fotolia